“Samsung” вакцин хийлгэсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгоно

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-05-12 15:39:03

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Samsung Electronics” компани эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу COVID-19”-ийн вакцин хийлгэсэн ажилтнууддаа цалинтай чөлөө санал болгоно гэдгээ өнөөдөр мэдэгджээ.


Тус компанийн үйлдвэрчний эвлэл вакцинжуулалтад хамрагдсан ажилтнуудад чөлөө олгох хүсэлт гаргаснаас нэг хоногийн дараа энэхүү шийдвэрийг гаргасан байна.


Ингэснээр “Samsung” вакцин хийлгэсэн ажилтнууддаа нэг хоногийн цалинтай чөлөө олгох бөгөөд хэрэв гаж нөлөө илэрвэл хоёр өдрийн цалинтай чөлөө нэмж олгох ажээ. Үйлдвэрчний эвлэлийн хувьд гурван өдрийн чөлөө олгох хүсэлт гаргажээ.


Өнгөрсөн сард Засгийн газар “COVID-19”-ийн вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд “вакцины чөлөө” олгохыг хувийн компаниудад зөвлөжээ.


Мөн “LG, SK”, “Hyundai Motor” зэрэг томоохон компаниуд вакцинжуулалтад хамрагдсан ажилтнууддаа чөлөө олгох боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ