Зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг маргаашаас нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-12 16:47:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ сарын 13-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр боллоо. 

Сүүлийн 5-6 өдрийн хугацаанд нийт 2599 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын тохиолдол илрээгүй. Халдвар авсан иргэдийн дийлэнх хувь нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Улмаар ойрын хавьтал болон тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн тоо буурч байгаа тул Ховд аймгийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр 90 хувийн ирцтэй хуралдлаа.

Хурлын үеэр халдварын нөхцөл байдал, эмчилгээ болон хариу арга хэмжээний үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, тус аймгийн хэмжээнд сүүлийн 14 хоногт халдварын шинэ голомт үүсээгүй учраас Улсын Онцгой комиссын даргын баталсан түр журмын дагуу халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх дэглэм, шаардлага хангасан албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тавдугаар сарын 13-ны өдрийн 08:00 цагаас эхлэн нээнэ.

Улмаар зарим байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлэхтэй холбогдуулан хяналт тавих, баталгааны хуудас олгох ажлын багийг тус аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар томилгоожуулж ажиллахаар шийджээ.

Мөн тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагаас эхлэн Жаргалант сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, Шатахуун түгээх станцын үйл ажиллагааг нээхээр болов. Харин аймаг, сум хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах аж.

Ингэхдээ авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд (эрүүл мэнд, буяны ажил) болон ачаа тээвэр, нутаг буцах, ирэх иргэдэд Улсын Онцгой комиссын даргын баталсан түр журмын дагуу нэвтрэх зөвшөөрөл олгоно.

Түүнчлэн Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүд тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 09:00-20:00 цаг, арилжааны банк 09:00-16:00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна.

Цаашид буяны ажилд оролцож байгаа иргэдэд тавих хяналтыг чангатгаж ажиллана. Мөн олон нийтийг хамарсан зарим арга хэмжээг хязгаарлах ба түүнд тавих хяналтыг чангатгах юм.

Харин орон нутгийн тариаланчдыг Улаан богочийн хяналтын цэг”-ээр дамжуулан үнэмлэхийг үндэслэн саадгүй нэвтрүүлэх аж.

Зах, худалдааны төв, бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагааг тавдугаар сарын 15-ны өдрийн бямба гаргаас эхлэн үе шаттай нээх бэлтгэл хангаж, зохих журмын дагуу коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тусгай шаардлага хангасан газрыг Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн өдөр, цагийн хуваарийн дагуу ажиллуулна гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Холбоотой мэдээ