АНУ-ын 15 муж улс хүн амынхаа тэн хагасыг бүрэн вакцинжуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-13 11:19:50

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын насанд хүрсэн хүн амын 45 орчим хувь нь “COVID-19”-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ лхагва гарагт мэдээллээ.


Одоогоор 15 муж улсын насанд хүрсэн хүн амын тэн хагасаас илүү хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа нь Коннектикут, Мэн, Массачусетс, Вермонт, Нью-Мексико, Нью-Жерси, Род-Айленд, Өмнөд Дакота, Хавай, Мэриленд, Нью-Йорк, Миннесота, Висконсин, Небраска, Айова ажээ.


Харин Миссисипид насанд хүрэгчдийн гуравны нэгээс бага хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна. Түүнчлэн өмнөд нутагт голчлон оршдог есөн муж улс насанд хүрсэн оршин суугчдынхаа 40 орчим хувийг бүрэн вакцинжуулжээ.


CDC”-ийн мэдээллээр, улсын хэмжээнд лхагва гаргийн байдлаар насанд хүрсэн иргэдийн 59 орчим хувь нь вакцины эхний тунг тариулжээ.


Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа ирэх долоодугаар сарын 4 гэхэд насанд хүрсэн хүн амын хамгийн багадаа 70 хувийг нэг тун вакцинаар дархлаажуулахыг зорьж байгаа юм. Энэхүү зорилтод зургаан муж улс хэдийнээ хүрээд буй нь Вермонт, Массачусетс, Хавай, Коннектикут, Нью-Хемшир, Мэн ажээ.


АНУ даяар “COVID-19”-ийн нийт 337 089 765 тун вакциныг түгээгээд байгаагаас 79 орчим хувийг нь буюу 264 680 844 тунг тарьсан байна. Улсын хэмжээнд сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 2.2 сая орчим тун вакцин тарьжээ. 

Холбоотой мэдээ