“Цогт тайж” киноны Хулан хатны малгай Дундговь аймагт бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
norovsambuu@montsame.mn
2016-06-20 23:05:37

Монголын кино урлагийн алтан үеийнхэн анхны гараагаа эхэлж байсан “Цогт тайж”  кинонд Ардын жүжигчин Ч. Долгорсүрэн гуай Хулан хатны дүрд тоглохдоо өмссөн малгай өдгөө Дундговь аймгийн музейд хадгалагддаг.

1960- аад оны үед “Цогт тайж” кинонд хэрэглэсэн хувцас эдлэлүүдийг хөдөөгийн соёлын орднуудад тараан өгөхөд Хулан хатны малгай Дундговь аймгийн театрт оногдож, дөч гаруй жил хадгалагдсан байна. “Хулан хатны малгай” хэмээн театрын уран бүтээлчид үе дамжуулан ихэд хүндэтгэж ирсэн бөгөөд урлагийн томоохон уралдаан наадамд оролцохдоо өмсөх дуртай, өмссөн эзэн нь ч удаа дараалан тэргүүн шагнал хүртэж байсан тухай театрын уран бүтээлчид билэгшээн ярьцгаадаг.  
“Цогт тайж” киног 1945 онд бүтээсэн. Тэгэхлээр Хулан хатны энэ малгайг хэн нэг үйлчин бүсгүй урласнаас хойш 70 гаруй жилийн хугацааг өнгөрүүлсэн гэхээр юм.  Хожим  Театрын уран бүтээлчид  билэгшээн хүндэтгэдэг хатны энэ малгайг өмсөж эдлэнэ гэхээс илүүтэй аймгийнхаа музейд үзмэр болгон хадгалуулахаар өгсөн ажээ.
Дундговь аймгийн музейд Хулан хатны малгай шиг “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаа, “Далан худалч” жүжгийн Далан худалчийн өмсдөг байсан дээл гээд урлагийн нэгэн түүх өгүүлэх үзмэрүүд хадгалагддаг.    

Т.Отгонтуяа

Холбоотой мэдээ