Аймгийн хэмжээнд ирэх сарын 10 гэхэд дархлаажуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-05-14 00:25:11

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа болоод дархлаажуулалтын ажлын явцтай танилцлаа.

Дархлаажуулалтын ажил эхэлснээс хойш Сэлэнгэ аймгийн зорилтот бүлгийн нийт иргэдийн 94.2 хувь нь хамрагдаж эхний тунгаа хийлгээд байгаа. Харин хоёр дахь тунд 15000 хүн хамрагджээ. Аймгийн хэмжээнд ирэх сарын 10 гэхэд дархлаажуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөөд байна. Энэ нь хил нээгдэх, ачаа, зорчигч тээврийг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэхэд нэн чухал гэдгийг аймгийн удирдлага онцолсон. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд нийт 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн аж. Тус аймгийн хувьд дархлаажуулалтад оролцож байгаа болон халдварын голомтод ажилласан эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилчдын илүү цаг, урамшууллыг тухай бүрт нь олгож байгааг Ерөнхий сайдад уламжиллаа. Энэхүү мэдээллийг сонсоод, дархлаажуулалтын явц сайн байгаад Монгол Улсын Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийллээ.

Сэлэнгэ аймагт өнөөдөр аймгийн болоод Мандал сумын хэмжээнд хоёр нэгдсэн эмнэлэг иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга олон жил болж, хуучирч муудсан байна. Энд Эрүүл мэндийн газар, сувилгаа шаардлагатай хүүхдийн цэцэрлэг, Өрхийн эрүүл мэндийн хоёр төв байрладаг. Энэ нь иргэдэд стандартын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээл учруулдаг талаар эмнэлгийн удирдлагууд ярьж байв. Иймд шинээр эмнэлэг барих, Эрүүл мэндийн газрыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа аж. Тус эмнэлгийн байранд их засвар, сантехникийн бүрэн шинэчлэлт хийхэд 3.7 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд зураг төслийг нь гаргасан байгаа аж. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээ Ерөнхий сайд ажиллах үеэрээ хэллээ.

 

Холбоотой мэдээ