Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо 20 орчим хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-15 09:46:23

МОСКВА. /TASS/. Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдварын 5.1 сая тохиолдол шинээр илэрсэн нь өмнөхөөсөө 20 хувиар буурсан үзүүлэлт байжээ.


Хоёр долоо хоногийн өмнө цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн юм. 


Юун түрүүнд Турк, Европын хэд хэдэн улсад нөхцөл байдал дээрдсэнээр халдварын тохиолдол тийнхүү буурсан ч Ази, Латин Америкийн орнуудад өндөр үзүүлэлттэй хэвээр байна. Үүнээс гадна халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо буураагүй бөгөөд гурав дахь долоо хоногтоо дараалан 90 мянгыг давжээ.


Хаана нөхцөл байдал дээрдэв?

АНУ-д одоогоор өдөрт халдварын 36.6 мянга гаруй тохиолдол шинээр илэрч буй нь 2020 оны 9 дүгээр сарын үзүүлэлт аж. Долоо хоногийн дотор халдвар авсан хүний тоо дөрөвний нэг орчмоор буурчээ. Нөхцөл байдал тогтворжиж, вакцинжуулалтын аян үргэлжилж буйтай холбогдуулан вакциндаа бүрэн хамрагдсан иргэд амны хаалт зүүх шаардлагагүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн билээ.


Халдвар авсан хүний тоо Туркт хамгийн хурдан буурчээ. Нэг сарын хугацаанд тус улсад өдөрт 15 мянга орчим тохиолдол илэрдэг болж,  өмнөх үзүүлэлтүүдээс дөрөв дахин буурсан байна.  


Баруун Европын орнууддаа Италид нөхцөл байдал илт сайжирчээ. Тус улсад өдөрт 8 мянга орчим тохиолдол бүртгэгдэж буй нь сарын өмнөхөөс хоёр дахин бага үзүүлэлт аж.


Зүүн Европт халдварын тархалтын хурд өнгөрсөн намраас хойших хамгийн доод түвшинд хүрч буурчээ. Тодруулбал, Польшид өдөрт 3.5 мянга, Чех улсад 1.3 мянган хүн халдвар авч буй нь  9 болон 10 дугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлтүүд аж.

Нөхцөл байдал хүндэрсэн улс орнууд

Энэтхэгт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тус улсад 5 дугаар сарын эхээр өдөрт 400-410 мянга орчим тохиолдол бүртгэгдэж байсан хэдий ч одоогоор 350 мянга орчим тохиолдол шинээр илэрч байна.


Бразилд өдөрт 70 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, энэ үзүүлэлтээрээ хоёрдугаарт жагсаж байгаа хэдий ч тархалтын хурд 3 дугаар сараас хойш 20 хувиар буурчээ.


Түүнчлэн Аргентин, Колумб зэрэг Латин Америкийн орнуудад халдварын тохиолдол өссөн байна.


Ерөнхийдөө цар тахал дэгдэж эхэлснээс хойш дэлхийн хүн амын 2.1 орчим хувь нь халдвар авчээ. Халдвар авсан хүмүүсийн 87 хувь нь эмчлэгджээ. 

Холбоотой мэдээ