УБТЗ-ын ажилтнуудын 98 хувь вакцинд хамрагджээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-17 11:24:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-ны байдлаар УБТЗ-ын 15 883 ажилтан буюу нийт төмөр замчдын 98 хувь нь коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаад байна.


Үлдсэн цөөн хүн нь вакцинд хамрагдах боломжгүй, эсрэг заалттай аж.  Төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн байдлыг хангахын тулд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН төмөр замчдыг дархлаажуулах ажлыг УОК, ЭМЯ-тай хамтран эрчимтэй зохион байгуулж байна.


Энэ хүрээнд төвийн хэсэглэлийн төмөр замчдаас гадна шугам зам дагуух өртөө, зөрлөг, зангилаадын төмөр замчдыг вакцинд бүрэн хамруулахын тулд хойд, урд чиглэл тус бүрд /Сүхбаатар-Улаанбаатар, Замын-Үүд-Улаанбаатар/ тусгай галт тэрэг бүхий дархлаажуулалтын явуулын баг ажиллуулжээ.


Цар тахлын үед төмөр замчид улс орон, ард иргэдийн нэн хэрэгцээт ачаа барааг тасалдалгүй шуурхай тээвэрлэхийн төлөө цар тахлын аюулыг сөрөн 24 цагаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ