Үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй байхыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-30 12:52:28

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар өнөөдөр Төрийн ордонд эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, хамтын уриалгад гарын үсэг зурлаа.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрт 2015 онд төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэх тухай заалт орсон. Гэвч улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, цалин нэмэх боломж хомс болоод буй. Оны эхний 8 сарын байдлаар улсын төсөв 600 тэрбум төгрөгөөр тасалдсан, оны сүүлч гэхэд төсвийн тасалдал нэг их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгаа юм. Иймд нийгмийн түншлэгч талууд яриа хэлэлцээрийг тодорхой түвшинд хийсний үр дүнд өнөөдрийн энэхүү зөвшилцөлд хүрч, олон нийтийг хамарсан уриалгыг гаргаж байгаа аж.

Уг уриалгад ажил олгогч, үйлдвэрлэгч эздэд хандан өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнээ өсгөхгүй байх замаар борлуулалтын орлогоо өсгөх, ажлын байрыг хадгалах, цалин хөлсийг өмнөх хэмжээнээс нь дордуулахгүйгээр байх, ажилчдын нийгмийн баталгааг хангах, аливаа татварыг цаг хугацаанд  төлж улсын сан хөмрөгийг арвижуулах үүргээ нэр төртэй биелүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг тусгасан байна.

Мөн иргэд, олон нийт өрхийн орлого зарлагаа бодитой тооцон санхүүгийн эрсдэлд орохоос сэрэмжлэх, үргүй зардал, зохист бус хэрэглээг тэвчин хуримтлал бий болгоход хүчин чармайлт гаргах, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийнхөө талаар ажил олгогч нартайгаа зөвшилцөн гэрээ хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэхийг уриалжээ.

Түүний зэрэгцээ төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар, төсвийн байгууллага, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрүүдийг шаардлагатай бус зардлаа танах, тэргүүн эгнээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авах, ажилгүй иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүгийн  сахилга батыг бүх шатанд чангатгах зэрэг ажлыг үлгэрлэн хийхийг уриалав.

Талууд ийн ойлголцолд хүрснээр энэ онд цалин хөлс нэмэхгүй нь тодорхой боллоо. Гэхдээ дээрх төлөөллүүд цалин нэмэх байр сууриа хадгалж ажиллаж байгаа гэдгээ энэ үеэр мэдэгдэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд