Шинжлэх ухааны кластерын төв цогцолбортой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-05-20 20:07:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн лабораториудын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй судалгааны ажлын үр дүнтэй танилцлаа.


Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, “Хүрээлэнгүүд болон энд ажилладаг эрдэмтэн судлаачдад тулгамдаж буй асуудал нь нийтлэг байна. Миний танилцсан хүрээлэнгүүдийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна. Жишээ нь, Хими, химийн технологийн хүрээлэн  корпорацын зохион байгуулалтад  орох бүрэн бололцоотой санагдлаа. Манайхан шинжлэх ухааны парк гэхээр нэг том байшин сав, тусгай газар гэж ойлгоод байдаг. Энэ бол буруу сэтгэлгээ. Парк гэдэг нь чухамдаа эрдэмтдийн ур чадварын нэгдлийг л хэлээд байгаа юм. Эхний ээлжинд бид ХААИС-ийн харьяа 4 хүрээлэн 2 лаборатори,  Биокомбинатийг “Монголын хөдөө аж ахуйн парк” гэж зарлахаар төлөвлөж яаман дээр ажлын баг ажиллаж байна. Цаашдаа эрдэм шинжилгээний байгууллагууд хамтраад парк гэнэ үү, корпорац гэнэ үү кластерын хэлбэрээр ажиллах бүрэн боломжтой. Бидэнд олон том боломж ирээдүйд бий болно. Монголын шинжлэх ухааны түүхэнд анх удаа “Шинжлэх ухааны кластерын төв” цогцолборын ажил эхлээд явж байна. 3 жилдээ багтаж ашиглалтад орно гэж төлөвлөж байна” гэлээ.


Улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шинжлэх ухааны салбар нь хэрхэн шийдэж байгаагаар энэ салбарын хөгжлийг тодорхойлж болно. Хүрээлэн тус бүрд хийсэн ажил олон байгаа аж.

 

Биологийн хүрээлэн:

Монгол Улсын Засгийн газар “Ковид-19”-ийн эсрэг вакцины хоёр тунд насанд хүрсэн хүн амаа 6 дугаар сард багтаан бүрэн хамруулна гэж төлөвлөж байна. Үүний дараа “Хүн амын хэдэн хувьд нь бүрэн дархлаа тогтсон бэ?” гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл вакцинд хамрагдсан иргэдэд эсрэг бие тогтсон эсэхийг шалгах оношлуурыг Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд бүтээжээ. Энэ оношлуур ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс 3 дахин хямд байх юм. Мөн гэр хорооллын нүхэн жорлонд ашиглах лаг үнэргүйжүүлэх, хөрс ариутгах бодисыг ч их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтойг танилцуулав.

 

Хими, химийн технологийн хүрээлэн:

Таван цулын бэлэн хоол гаргаснаас эхлээд Тавантолгойн нүүрсийг шинжлэх бүрэн хүчин чадал байна. Хуурай сүү гаргаж авах технологи, уургийн бүтээгдэхүүн, коллаген гаргаж авах технологийг нэвтрүүлжээ. Мөн цахилгаан станцын үнсээр хөөсөн блок үйлдвэрлэх, рашаан ус, транс тосны судалгааг ч хийж байна.

 

Физик технологийн хүрээлэнгийн тухайд:

Товчин батерейг дотооддоо үйлдвэрлэж байна. Гэхдээ хэрэглээнд нийлүүлэх хэмжээнд олноор нь үйлдвэрлэхийн тулд тодорхой санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага тулгарчээ. Мөн хаягдал шилийг боловсруулан хөөсөн шил болгож дэд бүтцийн салбарт ашиглах боломжийг танилцууллаа. Зам гүүр барих, байшингийн дулаалга хийх зэргээр ашиглах боломж байна. Монголын цахилгаан хэрэгслийн "Монел" брэндийн эхлэл энэ хүрээлэнтэй холбоотой.

 

Хүрээлэн бүрд нийтлэг бэрхшээл тохиолдож байна. Засаглал, нийгмийн баталгаа, цалин урамшуулал, тендэрт оролцох боломж хязгаарлагдмал гээд олон зовлон нэрлэж болно. Мөн хүний нөөцийн бодлогыг эргэж харах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Цаашид хүрээлэнгүүдийн хөгжлийг кластер, ШУА парк байдлаар төсөөлж, зураглаж байгаа аж. 






Холбоотой мэдээ