Нант хотын түүхийн музейд Чингис хааны тухай үзэсгэлэн дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-24 10:09:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд А.Баттөр Францын Бретон мужийн Гүнгийн цайз, Нант хотын түүхийн музейн захирал Бэртрон Гиеэ, Парис-Нантэррийн Их сургуулийн түүхийн багш, судлаач хатагтай Мари Фэйври нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтаар 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 5 дугаар сард Нант хотын Түүхийн музейд гаргахаар төлөвлөж буй Чингис хааны тухай үзэсгэлэнгийн төслийн явцын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Үзэсгэлэнг Францын Лувр, Бранли, Гимэй, Сэвр зэрэг томоохон музей, Үндэсний архив, Үндэсний номын санд хадгалж буй эх бүтээлүүдээс гадна Монгол болон бусад улс орнуудаас бүрдэх цуглуулгаар баяжуулан гаргах, Монголын кино урлаг, уран зохиол, соёл урлагийн тоглолт болон хөрөнгө оруулагчдын уулзалт зэргийг хөтөлбөрт оруулах, франц хэл дээр каталог ном хэвлүүлэхээр ажиллаж буйгаа  музейн захирал Б.Гиеэ тэмдэглэв.


Элчин сайд А.Баттөр Эзэн Чингис хааны түүх, монгол өв соёлыг өргөн цар хүрээнд сурталчлах энэхүү төсөлд Монгол Улсын Засгийн газрын зүгээс өндөр ач холбогдол өгч, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн буйг илэрхийлэв.


Ташрамд дурдахад, энэхүү үзэсгэлэнг нээх Бретоны гүнгийн цайз шилтгээн нь жилдээ 1,7 сая үзэгч хүлээн авдаг, жуулчдын тоогоор Францын баруун бүсэд нэгдүгээрт ордог, Францдаа 13 дугаарт орж буй нэр хүндтэй түүхэн газар юм.

Холбоотой мэдээ