Г.Сүхээ: Алтан дүрэмтэй агентлагт ажиллаж байснаараа бахархдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-24 16:52:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ууган хэвлэл мэдээллийн байгууллага Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 100 жилийн ой тохиож буй. Ардын хувьсгалтай эн чацуу энэхүү байгууллагаар овоглож ирсэн үе үеийн ажилтнууд бий. Тэдний нэг Сүхбаатар аймаг дахь сурвалжлагч асан, ахмад сэтгүүлч Гомбын Сүхээтэй хийсэн дурсамж  ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө танд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн түүхт 100 жилийн ойн мэндийг хүргэе?

-Баярлалаа. МОНЦАМЭ-гийн мянга мянган уншигчдадаа мөн ойн баярын мэндийг хүргэе.

-Ер нь та анх МОНЦАМЭ агентлагтай хэрхэн холбогдсон бэ?

-1999 оны зун. “Сүхбаатар таймс” гээд хувийн сонин гаргаж байлаа. Тэр зуны 7 дугаар сарын сүүлчээр Дарьгангын Алтан-Овооны их тахилга болох гээд хол ойрын хүмүүс Дарьганга нутгийнхаа зүг тэмүүлж байсан үе. Баруун-Урт хотын “Тэмүүлэл” цогцолбор сургуулийн захирал Г.Чулуунбаатар утсаар “Манайд МОНЦАМЭ агентлагийн захирал ирээд байна. Чамтай уулзъя гэж байна. Чи хүрээд ирэхгүй юу” гэхээр нь хүрч очвол МОНЦАМЭ агентлагийн захирал  С.Амарсанаа, гадаад мэдээллийн хэлтсийн дарга Г.Пүрэвсамбуу нар уулзаж “Манай МОНЦАМЭ агентлаг аймгууддаа бие даасан сурвалжлагчтай болж байгаа. Өөрөө манайд мэдээ явуулж байгаарай” гэлээ. Ингээд Алтан-Овооны их тахилга, наадмаас эхлээд долоо хоногт хэд хэдэн мэдээ явуулаад байдаг боллоо. Гурван сарын дараа буюу 11 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар аймаг дахь сурвалжлагчаар томилсон агентлагийн захирлын тушаал гарч билээ.  Ингэж л энэ том хамт олны нэгэн эд эс нь болох аз завшаан тохиосон юм даа.

а яг хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байв. Тухайн үед аймаг орон нутгийн иргэд МОНЦАМЭ  байгууллагын талаар ямар ойлголттой байсан бэ?

-Миний хувьд 1999 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 1 хүртэл нийтдээ 15 жил 3 сар Монголын үндэсний мэдээллийн ууган байгууллага, алтан дүрэмтэй агентлагт сурвалжлагчаар ажилласан нь үнэхээр нэр хүндтэй, бахархууштай хэрэг гэж бодож явдаг. Аймаг, орон нутгийн иргэд МОНЦАМЭ-г эртнээс мэддэг байсан. Хуучин тогтолцооны үед төв, орон нутгийн сонины арын нүүрэнд голцуухан гадаад мэдээг МОНЦАМЭ нэрээр тавьдаг байсан. Энэ ч утгаараа “МОНЦАМЭ гэж монцгор цагаан залуу” гэсэн үг  гарсан байж болох л доо. Говь-Алтай аймаг дахь сурвалжлагч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Сэрээтэр маань

“МОНЦАМЭ гэхлээр  дээр үед

Монцгор цагаан залуу гэж ойлгосон гэдэг

МОНЦАМЭ гэхлээр одоо цагт

Монголын мэдээллийн сүлжээ гэж мэднэ”  хэмээн шүлэглэсэн байдаг. 

-Тухайн үеийн ажиллах нөхцөл байдал одоогийнхтой адилгүй. Мэдээж амаргүй байсан байх даа?

-Цахим сүлжээ хараахан нэвтрээгүй үе байлаа. Аймгийн Засаг дарга, орлогч даргын өрөөнд факсын аппараттай. Түүгээр мэдээгээ дамжуулдаг байсан юм. Эхэн үедээ сард 20 мэдээ явуулах нормтой. Дараа нь 60 болгож өсгөсөн. Миний хувьд сардаа мэдээгээ бүрэн гүйцэд явуулж чадахгүй үе гардаг л байлаа. Ажлын гүйцэтгэлээрээ цалинждаг болохоор тэр бүрийд тоолдог хэд маань  хорогдож хасагдана шүү дээ.

-Бусад аймаг дахь сурвалжлагч нартайгаа хэрхэн холбогддог байсан бэ?

-Аймгуудын сурвалжлагч дундаас Архангайн сурвалжлагч Гочоогийн Жамц гуай, Баян-Өлгий аймгийн сурвалжлагч Рахметын Шынай гуай хоёр маань Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн юм. Г.Жамц гуай маань биднийг ахалсан ангийн дарга нь байв. Дархан-Уул аймгийн П.Гэндэнжав, Б.Норовсамбуу, Баянхонгор аймгийн Д.Даваадорж, Хөвсгөлийн М.Нямаа, Төв аймгийн Д.Батжаргал, Дундговийн П.Төмөрбаатар, Т.Отгонтуяа, Ховдын А.Даваасүрэн, Өвөрхангайн Ж.Дангаа, Говь-Алтайн Д.Сэрээтэр, Ш.Цоодол, Булганы Ж.Мөнх-Очир, Сэлэнгийн Ц.Бумдарь, Дорнодын Б.Туяа гээд ахмад болоод үе тэнгийн сайхан хүмүүстэй хамт ажиллаж байлаа. Бидний дундаас Орхон аймгийн Лэгцэгийн Батаа, Увс аймгийн Аюушийн Нанзад, Хэнтий аймгийн Батмөнхийн Адьяахүү, Дорноговь аймгийн Бямбын Төмөрпүрэв нар маань бурхны орноо заларсан.

Орхон аймаг дахь сурвалжлагч Л.Батаагийнхаа урилгаар Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр, мөн Архангайн сурвалжлагч Л.Булганыхаа хөтөлбөрөөр Булган уул, Заяын гэгээний хүрээ, хоёр Тамирын хөндий, Тайхар  чулуу, Уйгарын хар балгас гээд Арын сайхан хангайн үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газраар аялах завшаан тохиож байлаа. Бүр 1996 онд “Агь нүдлэх цаг”, “Нэг уяаны морьд” богино өгүүллэгийн  хоёр номыг нь шуудангаар хүлээн авч танилцаж байсан говь нутгийн гүндүүгүй сайхан эр Бямбын Төмөрпүрэвтэйгээ илүү дотно нөхөрлөж явлаа. Сүүлд “Тавин жил хүнтэй нөхөрлөсөн хэрээ”  номыг нь уншсан юм.

Хамт ажиллаж байсан дүү нараас Булганы М.Батжаргал, Завханы Б.Мягмарсүрэн, Хөвсгөлийн Б.Гантуяа, Сэлэнгийн Ч.Отгонцэцэг, Дорноговийн Х.Эрдэнэбулган, Увсын Б.Батхүү нар эдүгээ хөдөөгийнхөн дотроо олон жил ажилласан архагууд болоод байна даа.

-10 гаруй жил энэ байгууллагад ажиллахад хэн хэн гэдэг удирдлагуудтай хамтран ажиллаж байв. Тухайн үеийнхээ хамт олноос дурсаач гэвэл?

-Ардчилсан хувьсгалын анхдагч нарын нэг сэтгүүлч С.Амарсанаа захирлын тушаалаар анх ажилд томилогдож, Т.Баасансүрэн, Т.Ариунболд, Дү.Ариунболд, С.Алтанцэцэг, А.Баатархуяг  гэсэн дарга нарын үед ажиллажээ.

Эрдэмтэн, зохиолч Т.Баасансүрэн даргын Монголын сэтгүүл зүйн судлалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан  6 боть бүтээл манай гэрийн номын сангийн онцгой, чухал номуудын тоонд орж байна. Хамт олондоо “Цэ Наяа” хэмээн хүндлэгддэг Б.Цэрэннамжил дарга анх ажилд орсон үеэс л  мэдээ, мэдээллийн минь шүүсийг шахаж, шүлсийг нь арчиж, сэргээн засдаг байж дээ. Мөн миний “Санаанд илхэн сайхан хүмүүс” сэтгүүл зүйн бүтээлийн  анхны номыг маань 2003 онд хянан тохиолдуулж  ”Хонь жилтэй энэ эр, хонь мэт даруу төлөв мөртөө хааяахан дуугарах нь илүү дутуугүй жинтэй. Хорь гаруй жил төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан энэ эрхэм уг нь мал зүйч мэргэжилтэй ч эдүгээ “хүн зүйч” мэргэжилтэй болж, сэтгүүлчийн хөдөлмөрт шамдан “чөмгөө дундалж” явна”  хэмээн “Мялаалга үг” бичсэнд нь баярлаж явдаг юм. 

2001 оны хавар юм уу даа дунд сургуулийн сурагч гэмээр нэг жаахан охин “Би МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Зандаахүү” гэсээр  Баруун-Уртад танилцаж, “хоол идэх үү?, зуу татах уу?” гэхэд “үгүй, үгүй” гэхээр нь дэлгүүрээс ундаа, чихэр авч өгөөд явуулж байсан.  Мөн Тамгын газрын дарга Б.Зоригт, М.Мөнхбуянт, Д.Отгонбаяр, дотоод мэдээний албаны дарга Б.Цэрэннамжил, Д.Догсмаа нарын удирдлагад ажиллаж байлаа.  Ш.Эрдэнэчимэг, А.Саранцэцэг хоёр бидний явуулсан мэдээг эх барьж сүлжээнд байршуулна. Арав хоног тутамд явуулсан мэдээнд дүн шинжилгээ хийж, болох болохгүйг нь дурдсан  ажлын чиглэл, үүрэг даалгавар илгээдэг байлаа. 

-Улсынхаа ууган хэвлэл мэдээллийн байгууллагад харьяалагдснаар танд ямар ахиц, өөрчлөлт гарсан бэ?

-Зөвхөн аймгийнхаа хэвлэл, сонинд ажиллаж байсан надад илүү өргөн боломжоор харж сэтгэх, мэдээний үнэ цэнийг ойлгох, даацтай бичих арга ухаанд сургаж, найз нөхөд, танилын хүрээг минь ч тэлж өгсөн.

Агентлагийнхаа 80, 90  жилийн ойгоор нь  Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байлаа.

БНСУ-ын "ҮОNНАР МЕWS" агентлагт зочилж, Сөүл, Усан хотноо 7 хоног хамт аялсан Дү.Ариунболд  түшигтэй, эгэл жирийн сайхан хүн байв. 2000 оны намраас МОНЦАМЭ “Алтан дүрэм”-ээ баталж “Шуурхай, бүхнээс шуурхай, товчхон, бүр товчхон” гэсэн дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж байсан нь социализмын үеийн “Хүн бүр бага балчираасаа...” гэж эхэлдэг алдарт лоозон шиг л ой тойнд тодхон үлдсэн байна. 2001 оноос гарч эхэлсэн “МОНЦАМЭ мэдээ” товхимол сэтгүүл 2003 оноос 7 хоног тутмын, 2008 оны 9 дүгээр сараас өдөр тутмын сонин болж өргөжин, эрхлэгчээр нь сэтгүүлч, яруу найрагч Б.Зандаахүү, сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэд ажилладаг байлаа.  Сониндоо мэдээ, нийтлэл бичихийн зэрэгцээ сонин захиалуулах том ажлыг орон нутагтаа хөөцөлддөг байж дээ.

-Одоо ч агентлагийнхаа мэдээ мэдээллийг байнга уншиж, сэтгэл зүрхээрээ хамт байдаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Цахим орчинд байнга  л орж үздэг сайтын нэг маань “montsame.mn” юм шүү дээ. Энэ сайтаар ороод улс орон даяар өрнөж буй үйл явдлыг шуурхай уншиж мэдэхийн зэрэгцээ дэлхий дахинаар ч нэгэн агшинд аялаад мэдлэг мэдээлэл олоод авч байна. Аймгуудын сурвалжлагч нарын мэдээг бас харнаа. Тэр дотроо “залгамжлагч маань хэрхэн өсч томорч байна” гээд чиний мэдээг  илүүтэй  харж уншина шүү дээ.

-Тэгээд юу гэж үнэлж байх юм?

-Агентлагийнхаа алтан дүрэмд нийцсэн мэдээ мэдээлэл бэлтгэн нийлүүлж, өдрөөс өөрт дадлагажиж буйд нь баярладаг.

-Баярлалаа. Агентлагийнхаа өсөлт дэвшил, өнгө төрхийг хараад ахмад сэтгүүлчийнх нь хувьд хэрхэн дүгнэх вэ?

-100 настай мэдээллийн ууган агентлаг улсдаа төдийгүй, дэлхий дахинаа бүрэн танигджээ. Мэдээллийн цар хүрээ нь жилээс жилд нэмэгдэж байна.

МОНЦАМЭ агентлагийн дарга, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэгийн “Уг нь бол, шулуухан хэлэхэд аливаа мэдээллийн агентлаг гэдэг нь тухайн улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг байдаг юм шүү дээ. 1921 онд Ардын хувьсгал ялж, Монголын тусгаар тогтнолыг зарлахтай зэрэгцээд МОНТА буюу МОНЦАМЭ-г байгуулсан нь ч ийм л учиртай. Тухайн үеийн манай өвөг дээдэс маш ухаалаг байсан байгаа биз” гэж  агентлагийнхаа үүх түүх, хөгжил дэвшил, өнгө төрх, ирээдүйг илтгэсэн ярилцлага миний  бодол сэтгэлд минь гүнээ нийцсэн шүү.  Ойрын үед МОНЦАМЭ агентлагийн  хорь гаруй жил дуншиж буй хууль эрх зүйн орчин ч тодорхой болно гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцлагын төгсгөлд нэгэн үеийн хамтрагчид, одоогийн хамт олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Их жанжин Д.Сүхбаатарын үүсгэл санаачилгаар Ардын хувьсгалтай хамт төрөн мэндэлсэн МОНТА буюу МОНЦАМЭ агентлагийн нэгэн эд эс нь болж жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит аймагт сурвалжлагчаар ажиллаж байсандаа бахархах сэтгэлийг ямагт тээж явдаг юм. Ахмадууд бид Цагаан сар, Ахмадын өдрөөр  агентлагийнхаа мэндчилгээ, бэлгийг хүлээж авдагтаа бас баярладаг. Энэ яваа насныхаа 15 жилийн ажил хөдөлмөрийг нэгтгэсэн “Миний нэр, миний гэр- МОНЦАМЭ” агентлагийнхаа хамт олонд, ахмадууддаа 100 жилийн ойн баярын мэндчилгээ хүргэж,  их үйлсэд нь бахдам амжилт хүсье.

-Баярлалаа.

 

 

 

            

 

Холбоотой мэдээ