Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тамхины хэрэгт холбогдсон дипломатын талаар мэдээлэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-06-21 16:50:14

Долоо хоног бүрийн Мягмар гарагт болдог Гадаад хэргийн яамны "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн 7 хоногийн гадаад харилцааны онцлох асуудлуудаар мэдээлэл өглөө.

Юуны өмнө АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт 7 дугаар сарын 15, 16-нд болохоос өмнө дагалдах 9 хурал болно. Үүний 4 нь амжилттай болоод байна. Дараагийн 5 хурлын бэлтгэл ажил хэвийн явж байна гэсэн мэдээлэл өгөв. Дараа нь “Дипломат шуудан” гэх наалттай 8 хайрцаг бүхий нийт 29,145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдсан хэргийн талаар мэдээллээ. Олон нийтийн анхаарлыг  ихээхэн татаж байгаа Монгол Улсын хоёр иргэн Москва дахь ЭСЯ-ны дипломат дугаартай машин ашиглан тамхины наймаа хийсэн гэх мэдээллийн мөрөөр холбогдох байгууллагуудаар дамжуулан тодруулж байна. Украин Улсын Дьяково боомтын хилийн шалганы албанаас саатуулсан Монгол улсын хоёр иргэнийг  нягтлан үзэхэд  Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр, нөгөө нь Гадаад Хэргийн Яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй хүн байв. Д.Дөхөмбаяр нь Худалдааны яамны харьяа “Техникимпорт", “Монголимпекс” нэгдэлд ажиллаж байгаад 2004-2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд анх томилогдон ажиллаж байсан. Мөн  2011-2015 онд тус улсад дахин томилогдон ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сараас гавьяаны амралтаа авчээ. Эдгээр иргэдийн хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоосон гэдгийг сайд онцоллоо. Сүүлийн 2-3 жилд бидний зүгээс энэ төрлийн гэмт хэргийн эсрэг олон арга хэмжээ авсны үр дүнд иймэрхүү хэрэг гараагүй байсан. Манай яамны үндсэн дипломатууд  ч ийм хэрэгт  холбогдоод байдаггүй. "Хилээр хийн буу гаргалаа, визний наймаа хийлээ" гэх тохиолдлуудад ихэнх нь үндсэн дипломатууд биш байдаг. Гадаад улсад суугаа ЭСЯ, Консулын газруудад зөвхөн манай яамнаас хүмүүс ажилладаггүй. Бусад яам, газруудаас томилогдон очсон хүмүүс хэрэгт холбогдох нь их байдаг. Ингээд муу нэрийг нь ГХЯ-ны үндсэн дипломатууд үүрдэг. Одоогийн байдлаар дипломат паспорт эзэмшдэг 2000,  албан паспорт эзэмшдэг 8000 орчим иргэн байдаг бөгөөд эдгээр паспортуудыг ГХЯ-наас олгодог" гэсэн мэдээлэл өгсөн юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ