Б.Эрдэнэ-Очир: Зүүнговийг ногоон сум болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-05-25 13:15:33

Увс /МОНЦАМЭ/. Зүүнговь сумын цаг үеийн нөхцөл байдал, ирэх жилүүдэд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар тус сумын Засаг дарга Б.Эрдэнэ-Очиртой ярилцлаа. Тэрбээр 2021 оны 11-р сараас эхлэн сум, орон нутгаа удирдах хариуцлагатай албанд томилогдоод байгаа аж.


-Та Зүүнговь нутгийнхаа хөгжил, ирээдүйн төлөө иргэдийнхээ итгэлийг хүлээлээ. Өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав?

-Манай сум 1927 онд байгуулагдсан. Өдгөө 2800 гаруй хүн амтай, малчин зон олон мал аж ахуйгаа эрхлэн аж төрж байна. Газар нутгийн хувьд дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд захын элсэн бөөрөгт нутагладаг, эрс тэс уур амьсгалтай нутаг. Бахархам түүх, байгалийн өвөрмөц тогтоцтой энэ нутгийнхаа хөгжлийн төлөө залуучууд бид зорилго, зорилтоо тодорхойлон ажиллаж байна. Иргэдийнхээ итгэлийг дааж ажиллахын тулд аль болох шинэ, шинэлэг ажлыг санаачлахад түлхүү анхаарч байгаа.

Ирэх жилүүдэд Зүүнговь сумыг "Ногоон сум", "Монгол бичигтэн сум", "Улс, бүсийн тэргүүний сум" болгох томоохон зорилтууд тавьсан. Засаг даргын ажилд томилогдсоноос хойш сумынхаа малчид, ард иргэдтэй уулзаж саналыг нь сонслоо. Энэ хүрээнд иргэдийн саналд тулгуурлан судалгаа хийсний үндсэн дээр жилийн ажлын төлөвлөгөө болон ирэх жилүүдэд хийж, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн. Тухайлбал "Монгол бичигтэн сум" болох зорилтын хүрээнд бүх албан байгууллагын хаягжилтыг шинэчилсэн, төрийн албан хаагчдынхаа монгол бичгийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сониныг захиалахаас гадна цахим хичээлд суралцаж байна.

-Ирэх жилүүдэд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ямар ажлууд хийх вэ?

-2021 онд ОНХС-гаас Зүүнговь сумын Ахлах сургуулийн орчинд гүний худаг гаргахаар тендер зарлаад байна. Ингэснээр хүүхдүүд ангидаа цэвэр усаар хангагдах боломж бүрдэнэ. Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйчилгээний чанар, хүртээмж, сургалтын таатай орчинд дэвшил гарсан. Одоо цэцэрлэгийн хүүхдийн ор, шүүгээ, урлаг заалны хөшиг зэрэг материаллаг хэрэгцээг хангахын тулд нийт 19 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Эрүүл мэндийн төвд уламжлалт бариа засал болон цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэн нийт 22 сая төгрөгийн тоног төхөөрөмж бүхий хөрөнгө оруулалтын ажил хийнэ.

Мөн Зүүнговь сумын ЗДТГ-ын хувьд давсан орлогоосоо Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэхээр шийдсэн. Одоогоор ЗДТГ-ын байранд буудал байрлаж байгаа нь төрийн ажил, үйлчилгээний дүрэм журамд нийцэхгүй байна. Иймд буудлын өрөөг тохижуулан Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлнэ. Ирэх дөрвөн жилд томоохон хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай ажил гэвэл тариалалт хийхээр тогтоосон газарт тог цахилгаан татах, жижиг хэмжээний хөв цөөрөм бий болгоход шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхээр хөөцөлдөж байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд манай суманд бүтээн байгуулалт өрнөж, материаллаг хөрөнгө оруулалтын ажлууд хангалттай хийсэн. Цаашид сургуулийн хичээлийн байрны өргөтгөл, ахлах сургуулийн гал тогоо, эрэгтэй дотуур байрны барилгын ажлыг хийх шаардлагатай байгаа.

-Говь нутагт газар тариалан болон мод тарих ажлыг эрчимжүүлж байгаа нь сайшаалтай байна?

-Зүүнговь суманд өнгөрсөн хугацаанд мал аж ахуйн салбар голлон хөгжлөө. Цаашид "Ногоон сум" болох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд газар тариалангийн салбарыг хөгжүүлэх шаардлага байна. Зэргэлдээ сумдад газар тариалан хөгжөөд эхэлсэн. Эхний ээлжинд газарзүйн байршил, онцлогтоо тулгуурлан бага хэмжээний газрыг газар тариалангийн бүс болгон ашиглах зорилт тавьсан. Энэ хүрээнд нэн түрүүнд жимсний аж ахуйг хөгжүүлэх, малын тэжээлийн ургамлын талбайг нэмэгдүүлэх, улаан буудай тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа. Энэ талаар иргэдэд танилцуулаад гарын үсэг авсан. Сумынхаа хурлаар 10000 га талбайг газар тариалангийн бүс болгон тогтоож, аймгийн ИТХ-д санал хүргүүлсэн. Мөн сумандаа мод тарих ажлыг эрчимжүүлэн нийт 20000 мянган ширхэг мод тарина. Өнгөрсөн долоо хоногт төрийн албан хаагчид ам бүлийнхээ тоогоор мод тарих зорилтын хүрээнд 608 ширхэг мод тарьсан.

-Цаашид иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд ямар өөрчлөлт гарах вэ?

-Манай сумын иргэдийн голлох хувь нь мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Сумын төвд амьдардаг иргэдийн нэг хэсэг нь төсвийн ажил хашдаг, бусад иргэд дор бүрнээ худалдаа, үилчилгээ эрхлэх зэргээр аж амьдрал өрнөж байна. Зарим иргэдийн хувьд ажлын байр хэрэгтэй байгааг хэлдэг ч бидний зүгээс ажлын байрны хүрэлцээ хангамж байхгүй. Хүссэн хүн бүрийг ажилд авах нөхцөл бүрдэхгүй байна. Тэтгэвэртээ суусан, шилжсэн зэрэг тодорхой шалтгааны үед сул ажлын орон тоог мэргэжлийн хүрээнд нөхөөд явдаг. Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлж, энэ чиглэлээр иргэдэд газар олгох, дэмжих ажлыг зохион байгуулна. Эцэстээ тариалалтын үр шимээс ажлын байртай болох, өрхийн аж ахуйгаа эрхлээд орлогожоод явах боломжтой юм. Тухайлбал 2 га талбайд тариалалт хийлээ гэхэд жилд дунджаар 30-40 сая төгрөгийн ашиг хүртэх боломжтой. Тэгэхээр ямар ч төсвийн ажилтнаас илүү орлоготой байх боломжтой гэж харж байгаа.

-Мал аж ахуйн салбар, малчдад чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж байна?

-Энэ жилийн өвөл цаг агаарын хүндрэлгүй байсан учир малын хорогдолгүй жил байлаа. Цаг үеийн хувьд ч малын гаралтай түүүхий эдийн үнэ өмнөх жилээс өндөр үнэтэй гарсанд малчид сэтгэл өөдрөг байна. Ойрын 10 жилийн хугацаанд манай суманд байгалийн гамшиг, ган зуд тохиолдоогүй учраас мал сүрэг таван төрөлдөө өслөө. Иргэдийн аж амьдрал жил тутамд сайжирч байна.

Ирэх жилүүдэд мал аж ахуйн салбараа орхигдуулахгүйгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлээд явна. Энэ хүрээнд малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулах, тарилга туулгын ажлыг нэгдсэн жумаар зохион байгуулах, бог малыг хавар, намрын улиралд 2 удаа угаадаг болох зэргээр малын празит өвчнийг устгах, малыг эрүүлжүүлэх ажилд анхаарал хандуулна. Мөн малчид малын бэлчээрийн бүс нутаг, өвөлжөө хаваржаа, хадлан тэжээлтэй холбоотой тулгамдсан асуудал байгааг хэлж байгаа. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөсөн. Ойрын хугацаанд Тохой чиглэлд 4 багийн малын эмч нарыг дагуулаад малыг вакцинжуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Залуу хүний хувьд ямар зарчмаар ажиллаж байна?

-Аливаа төрийн ажилд чадахуйн зарчмыг баримтлах ёстой. Ажлаа мэддэг, чаддаг хүмүүсийг байх ёстой газар нь байлгадаг бол улс орон хөгжинө. Хүн бүр урам зоригтой ажиллана. Сум, орон нутгаа удирдаж байгаа хүний хувьд аливаа ажилд улс төрийн өнцгөөс хандахгүй байх, хүн бүрд тэгш үйлчлэх нь чухал гэж үздэг. Сумаа хөгжүүлье гэсэн сэтгэлтэй хэнийг ч ялгалгүй хамтраад ажиллах бүрэн боломжтой.

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ойн тохионо. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжилд ахмад үеийнхний оруулсан хичээл, зүтгэлийг залуу хойч үе маань илүү өнгөлөөд явах учиртай. Иймд түүхт ойгоо иргэн бүр бүтээлчээр угтахыг уриалах байна.

-Ажилд тань амжилт хүсье.

 

 

Холбоотой мэдээ