Нисэхийн ажилтнуудын хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-26 12:05:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой, Агаарын тээвэрчдийн баярын өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт нисэхийн ажилчдын хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо.

210 ортой уг цэцэрлэг нь Хан-Уул дүүргийн 49 дүгээр цэцэрлэгийн Буянт-Ухаа салбар болж ажиллах юм. Шинэ цэцэрлэгтэй болох талаар анх ИНЕГ-ын даргын зөвлөлөөс шийдвэрлэжээ. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн цэцэрлэгийг нээж хэлэхдээ, нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа нийгмийн байдлыг шийдвэрлэх үүднээс тус цэцэрлэгийг барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж, салбарынхандаа 96 жилийн ой дээр нь бэлэг барьсандаа баяртай байна гэв.  




Тэрээр нийтийг хамарсан COVID-19”-ийн цар тахлаас хүнд байдалд байгаа нисэхийн салбар эргэн сэргэх үед дахин нэг цэцэрлэг нэмж барихаар төлөвлөж байгаагаа дуулгалаа. Мөн ажилчдынхаа эрүүл чийрэг байх, дасгал хөдөлгөөн хийх нөхцөл бололцоог нь хангах үүднээс барьж байгуулж буй иж бүрэн Спорт цогцолборын барилгыг энэ оны 7 дугаар сард хүлээн авахад бэлэн болж буйг дуулгаж, эдгээр бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлэхэд гар бие оролцсон бүх хүмүүст талархал илэрхийллээ. 

Холбоотой мэдээ