Олон улсын Олимпийн хороо ОХУ–ын шигшээ багийг “Рио-2016”-аас хасч болзошгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-06-21 18:48:00

Олон улсын Олимпийн хороо Лозаннын дээд хэмжээний уулзалтаар Орос улсын эсрэг шинэ хоригууд авахаар тохиролцоод байгаа тухай оросын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.Энд Оросын  багийг Рио-де-Жанейрогийн Олимпийн наадмаас хасах тухай яригдаж  буй юм. Түүнчлэн  спортын зарим нэг төрлийг төлөөлөх  оросын тамирчдыг оруулахгүй байж мэдэхээр байна.

Германы “Der Spiegel” сэтгүүлийн уламжилж буйгаар, бий болоод буй нөхцөл байдлын талаар Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах юуны өмнө Оросын ерөнхийлөгч Путинтэй  энэ асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Риогийн Олимпийн наадмаас Оросын  хөнгөний тамирчдыг төдийгүй, бүх тамирчид буюу Оросын Үндэсний Олимпийн хороог бүхэлд нь хасах гэдэг бол “түүхэн шийдвэр” байх болно хэмээн сэтгүүл цохон тэмдэглэжээ.

Оросын “Новые известия “  сонинд уламжилснаар, өнгөрсөн оны  11-дүгээр сарын 13-нд  Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) сэргээшийн   асуудалтай холбогдуулан түүхэнд анх удаа дийлэнх олны саналаар тус байгууллага дахь  Оросын гишүүнчлэлийг түр зогсоосон юм. Тэр үед 24 гишүүний  22 нь Оросын хөнгөний тамирчдыг хасах саналыг  дэмжсэн.

Энэ сарын 17-нд Лозаннад болсон Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (IAAF ) хурлаар олон улсын байгуулага нь 2015 оны намар гаргасан Оросын хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг зогсоох шийдвэрээ хүчинтэй хэвээр үлдээжээ.  Ингэснээр тус улсын тамирчдын олон улсын тэмцээнд  орох эрх автоматаар  хаагдаж буй юм.

Орос улсын хөнгөн атлетикийн ерөнхий дасгалжуулагч, Олимпийн аварга  Юрий Борзаковскийн үзэж буйгаар, Оросын тамирчид  Рио-де-Жанейрогийн наадамд оролцох боломж байсаар байна.

Өнөөдөр Лозанна хотноо Олон улсын Олимпийн хороо Оросын шигшээ багийн  “Рио-2016” Олимпийн наадамд оролцох эсэхийг эцэслэн  шийднэ. Сонирхуулахад, Рио-де-Жанейрогийн Олимпийн наадам  2016 оны 8 дугаар сарын 5-21-нд  болно. 

 

Москва хот. А.Огторгуймаа    

Холбоотой мэдээ