47 дахь гавьяатаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-27 14:43:20

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан-Уул аймгийн БТСГ-ын сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагч Д.Гүржавыг Гавъяат дасгалжуулагч цолоор шагнасан. Энэ өдөр аймгийн Засаг дарга Б.Азжаргал Дарханаас төрөн гарсан 47 дахь гавьяатаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Дарханы төдийгүй Монголын сагсан бөмбөгийн спортод оруулсан хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэлж хийсэн бүтээсэн, гаргасан амжилт бүхэн нь төрдөө үнэлүүлүүсэнд аймгийн засаг дарга талархал илэрхийллээ.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Дондогийн Гүржавын намтар, гаргасан амжилтаас дурдвал 1963 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн. 1980 – 1990 онд Дархан хотын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, 1990 – 2000 онд Монгол Улсын шигшээ багийн тамирчин, 2000 оноос Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газарт сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Биеийн тамир, спортын салбарт тасралтгүй 36 жил ажиллаж, дасгалжуулсан баг тамирчид нь аймаг орон нутгийнхаа төдийгүй Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж сагсан бөмбөгийн олон улс, тив, дэлхий, олимпод өрсөлдөхүйц шилдэг тамирчдыг төрүүлэн гаргасан билээ. Түүний бэлтгэсэн баг, тамирчид нь улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын бүх ард түмний спартакиад, хүүхдийн наадмуудад амжилттай оролцон 41 удаа тэргүүн байрт шалгарсан. Түүнчлэн сагсан бөмбөгийн спортын өндөр цол зэрэгтэй 200 гаруй тамирчин бэлтгэсэн амжилт үзүүлж, Дархан-Уул аймгийн өсвөрийн тамирчдын дундБурхантын бугануудХүүхдийн лиг”-ийн тэмцээнийг анх удаагаа санаачлан тасралтгүй 16 жил зохион байгуулж байна.

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд бэлтгэсэн баг тамирчид 41 удаа тэргүүн байр эзэлж, “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ” – аар 13 удаа шалгарч байсан.

2010 онд сагсан бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер цолоор шагнуулснаас хойш ийнхүү 11 жилийн дараа Гавъяат дасгалжуулагч боллоо.

Холбоотой мэдээ