Толгойт-Амгалан өртөө хоорондын төмөр замын гармуудыг шинэчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-27 17:30:44
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Толгойт-Улаанбаатар-Амгалан өртөө хоорондын төмөр замыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа тухай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс өнөөдөр мэдээллээ.


Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотод байдаг төмөр замын хэд хэдэн гармыг шинэчлэх юм. Одоогийн байдлаар, хамгийн ачаалал ихтэй Толгойт таван шарын ойролцоох 396-р гарам болон Дүнжингарав захын дэргэдэх 407-р  гармыг шинэчлэх ажлыг хийгээд байна. Эдгээр гармаар өдөртөө 70 шахам мянган авто тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрдөг гэсэн тооцоо судалгаа байдаг. Төмөр замын эдгээр гармыг шинэчилснээр төмөр замын гармын аюулгүй байдал сайжирч, галт тэрэгний даац, хурд нэмэгдэх юм. Гармуудыг шинэчлэх ажлыг УБТЗ-ын замчид шөнийн цагаар богино хугацаанд хийж өглөө авто замын хөдөлгөөн эхлэхээс өмнө дуусгажээ.


“Улаанбаатар төмөр зам” ХНН энэ жил төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Толгойт-Улаанбаатар-Амгалан  өртөө хоорондын замыг шинэчлэхээс гадна Улаанбаатар-Замын Үүд өртөө хоорондын 80 километр замыг шинэчлэх юм.



Сүүлийн жилүүдэд төмөр замын тээвэр эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг төмөр замынхаа нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадлыг ихэсгэхэд ихээхэн анхаарч жил бүр замын их засварын ажлыг төлөвлөн хийж байна.


Төмөр замаар жилдээ 30 гаруй сая тонн ачаа тээвэрлэдэг бөгөөд энэ нь манай улсын экспорт, импорт, орон нутгийн ачаа тээврийн ихэнх хэсгийг төмөр замаар тээвэрлэдэг гэсэн үг.  Манай улсын эдийн засаг тэлж хөгжихийн хэрээр төмөр замаар тээвэрлэх тээврийн хэмжээ ирэх жилүүдэд улам нэмэгдэх нь тодорхой байна.

Холбоотой мэдээ