Ерөнхий сайд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх бүтээн байгуулалттай танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-05-28 10:04:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гэр хорооллыг орон сууцжуулж нийгмийн барилга байгууламж барьж буй Баянхошуу дэд төв, мөн Төв цэвэрлэх байгууламжийн барилгын үйл ажиллагаатай танилцаж байна. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар Баянхошуу дэд төвийн хүрээнд 3500 айлын хүрээнд газар чөлөөлж орон сууцжуулах төлөвлөгөөтэй, нягтаршуулсан байдлаар авч үзвэл 15 мянган айлын 4-5 давхар орон сууцны хороолол барих боломжтой байгааг танилцууллаа. Баянхошуу дэд төвийн хүрээнд иргэдэд үйлчлэх мэдээллийн төв, бизнес инкубатор төв болон сургууль, цэцэрлэгийг эхнээсээ барьж, ашиглалтад оруулан автозам, дулааны шугам сүлжээ тавьж, дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэж буйг мөн танилцууллаа. 


"Баянхошуу дэд төв"-ийн бүтээн байгуулалт нь АХБ-наас манай улсад нийгмийн хүрээнд хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд гэр хороололд байгуулж буй 6 шинэ төвийн нэг юм. АХБ болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй дээрх төсөл хөтөлбөр нь 3 үе шаттайгаар 9 жил хэрэгжих юм. Төслийн I шатанд нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг "Баянхошуу", "Сэлбэ" дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажлын явц 80 хувьтай, төслийн II дахь үе шатны Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвүүд 30 хувьтай үргэлжилж байна.

АХБ-ын санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй "Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр" төслийн хүрээнд загвар буюу жишиг орон сууц болгон барьж байгаа юм.




Холбоотой мэдээ