Оросын орчин цагийн өгүүллэгүүд монгол уншигчдын хүртээл боллоо

Монголын мэдээ | Боловсрол
ariunbold@montsame.mn
2021-05-28 19:12:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хөрвүүлсэн “Оросын орчин цагийн өгүүллэгүүд” номын нээлт өнөөдөр боллоо.


МУСГЗ, дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн, МУСГЗ, доктор, профессор, дуун хөрвүүлэгч Г.Аким, МУСГЗ Ж.Нэргүй тэргүүтэй 20-80 насны чадварлаг 20 орчуулагчийн хөрвүүлсэн энэхүү номонд оросын 24 зохиолчийн 25 өгүүллэг багтсан байна.


МУСГЗ, доктор, профессор, дуун хөрвүүлэгч Г.Аким “Орчин цагийн утга зохиол Зөвлөлтийн зохиолоос тэс ондоо болсон байна гэж би харж байна. Бидний үед орос ном зохиол олж унших их амар байсан. Харин одоо орос зохиол олж унших их бэрх болж. Зөвлөлтийн үед бол орчуулах сэдэв зарим нь хориотой байсан. Харин цаг үе өөрчлөгдөж, чөлөөтэй ч болж хүссэн зүйлээ орчуулж болохоор болсон байна” гэлээ.


Монголын орчуулагчдын эвлэлийн ерөнхийлөгч, орчуулагч, доктор О.Чинбаяр “Миний хувьд 1994 онд М.Горькийн Утга зохиолын дээд сургуулийг (УЗДС) төгссөн. Уржнан "Номын соёлт ертөнц" ТББ болон Монголын орчуулагчдын эвлэлийн хамтын урилгаар М.Горькийн нэрэмжит УЗДС-ийн эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан дэд захирал Сергей Федорович, тус сургуулийн хүүхдийн зохиолын семинарын удирдагч нартай уулзсан. Уулзалтын үр дүнд нэгт, Оросын орчин цагийн өгүүллэгийг монгол хэлнээ орчуулан гаргах, хоёрт Монголын орчин цагийн зохиолчдын өгүүллэгийн түүврийг Москвад ирэх намар хэвлэн гаргахаар болсон юм. Ийнхүү өнгөрсөн хавраас бид Оросын орчин цагийн өгүүллэгийг орчуулж эхлэн, өнөөдөр номоо танилцуулж байгаадаа баяртай байна. М.Горькийн нэрэмжит УЗДС-ийн өдрийн ангид монгол оюутан 1994 оноос хойш суралцаагүй. Харин одоо хоёрдугаар дамжаанд нэг оюутан шүүмж судлалаар суралцаж байгаа ба тус оюутныг энэ удаагийн төсөлдөө хамруулж нэг өгүүллэг орчуулуулсан" хэмээв.


МУСГЗ Х.Мэргэн агсны охин сэтгүүлч, орчуулагч М.Ундрам “Мэргэн зон ТББ-аас дэмжин ажиллаж буй анхны том төсөл болох Оросын орчин цагийн өгүүллэгийн түүвэр бүтээл нь уншигч олны хүртээл болж байгаад таатай байна. Бид аавынхаа нэрэмжит санг залуу орчуулагчдыг бэлтгэх, монголчуудын оюуны бүтээлийг хөрвүүлэн дэлхийн оюуны санд том мөртэй бүтээл болгон үлдээх зорилгыг өвөрлөсөн. Миний хувьд "Мэргэн зон” сангаа төлөөлж төсөлд оролцохоос гадна аавыгаа төлөөлөн тус өгүүллэгийн түүвэр номд орсон нэг өгүүллэгийг орчуулсан" гэв. 


Мөн тэрээр "Бид аавынхаа нэрэмжит санг залуу орчуулагчдыг бэлтгэх, монголчуудын оюутны бүтээлийг хөрвүүлэн дэлхийн оюуны санд том мөртэй бүтээл болгон үлдээх зорилгыг өвөрлөсөн" гэлээ.


Монголын орчин цагийн зохиолчдын өгүүллэгийн түүврийг ирэх 11 сард орос хэлнээ хөрвүүлэн гаргах бөгөөд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржоос хойш эдүгээ цагт уран бүтээлээ туурвиж буй нэрт зохиолчдын 26 өгүүллэгийг шалгаруулжээ.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ