Б.Батсайхан: Орон нутгийн онцлогт тохирсон ЖДҮ-ийг хөгжүүлэх замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-02 17:04:05

Увс /МОНЦАМЭ/. Зүүнхангай сумын Засаг дарга Батхутагийн Батсайхантай ирэх дөрвөн жилд сумандаа хийж хэрэгжүүлэх ажлынх нь талаар ярилцлаа.


-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?

-Би 1969 онд төрсөн. 1985-1988 онд Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлээр төгссөн. 1989 онд Өндөрхангай сумын Цалуу багийн малын эмчээр ажлын гараагаа эхэлж байлаа. 2013 онд ХААИС-ийн Мал эмнэлэг, био технологийн сургуулийг малын их эмч мэргэжлээр төгссөн. Багийн засаг дарга, МЭҮТ-ийн мэргэжилтэн зэрэг ажлыг хийж байгаад 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Төрийн албанд тасралтгүй 27 дахь жилдээ ажиллаж байна.

-Танай сумын цаг үеийн байдал хэр байна. Мал төллөлт дууссан уу?

-Энэ жил нийт нутгаар цас багатай, өнтэй өвөл болсонд малчид маань сэтгэл тэнэгэр байгаа. Цаг үеийн хувьд ганц нэг удаагийн цасан болон шороон шуургыг эс тооцвол хаваржилт сайхан боллоо. Мал онд мэнд орсон болохоор төлийн хорогдолгүй зуны сартай золгож байна. Бог малын 90 гаруй хувь нь, бод малын 50 орчим хувь нь төллөсөн.

-Ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулаач?

-Зүүнхангай сумын ИТХ-аар сумыг 2021 онд хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө болон сумын Засаг даргын 2020-2024 онд хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр гэсэн 2 үндсэн богино болон дунд хугацааны бодлогын бичиг баримтыг батлуулаад ажиллаж байна. Тус сумын 100 жилийн ой 2024 онд тохиохтой холбогдуулан сум, орон нутгийн тохижилт, үйлчилгээ болон тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд түлхүү анхаарч ажиллах талаар сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж өгсөн. Мөн аймгийн Засаг даргын “Орлогын бүтээн байгуулалт-Увс”, “Шинэ хөдөө Увс” төслүүдийг хэрэгжүүлэн, мал сүргийн таваарлаг байдлыг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх гэх мэтээр хөдөө аж ахуйн салбартаа анхаарч ажиллаж байна.

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр танай суманд ямар ажил хийж байна вэ?

-Өнгөрсөн 4 жилийн хугацаанд манай суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил их хийсэн. Тухайлбал, Нутгийн удирдлагын ордон, спорт заал, цэцэрлэгийн их засвар, сургуулийн ариун цэврийн байгууламж, ЭМТ-ийн өргөтгөл, бэлчээрийн худаг, мал угаалгын ванн гэх мэт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Энэ бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг цааш нь үргэлжүүлэхийг зорьж байна.

Эхний ээлжинд сургуулийн барилгын их засвар, мөн орчин үеийн шийдэл бүхий халуун ус, худаг, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хар зам бүхий сумын төвийн тохижилт, малын тэжээлийн цех, сумын нэгдсэн хогийн цэгийг отвальдаж камержуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зэрэг ажлыг төлөвлөж байна. Цаашлаад сумынхаа 100 жилийн ойг угтаж, малчид, нутгийн зөвлөл, иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд сумандаа хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Сумандаа хийж буй шинэлэг ажил юу байна?

-Би сумын Засаг даргын ажлыг 2020 оны 12-р сарын 1-нд хүлээж авсан. Тухайн үед Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн хөл хорионы дэглэмд шилжсэн байлаа. Хамгийн эхний хийж, хэрэгжүүлсэн ажил маань цар тахлын үеийн авах арга хэмжээ, ажлын төлөвлөгөө гаргаж иргэдэд танилцуулан ажиллалаа. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, халдвар хамгааллын дэглэмийг сахих, нээлттэй утас ажиллуулах, ЗДТГ-т хөтөч ажиллуулах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулсан. Мөн цар тахлын үед хичээл орохгүй байгаатай холбогдуулан хөдөөгийн багийн айлуудаар багш, эмч гэх мэт холбогдох хүмүүсийн хамт 2 удаа тойрч мэдээлэл хүргэлээ. Ер нь манай суманд төрийн ажил хэвийн явж байна. Сумын онцгой комиссоос аймаг, улсын онцгой комиссын шийдвэрийг биелүүлэн ажилласны үндсэн дээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Энэ нь бидний ажлын үр дүн байна гэж ойлгож байгаа.

-Зүүнхангай сумын онцлог юу вэ?

-Манай сум Улаанбаатар хотоос 1100 км, аймгийн төвөөс 360 км алслагдсан. Зүүн болон зүүн урд талаараа Завхан аймагтай хиллэдэг. Увс аймгийн хамгийн зүүн захын сум. Нийтдээ 187400 толгой малтай, 4 багтай, 2400 орчим хүн амтай. Газар нутгийн хувьд тал, хангай хосолсон байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар нутагтай. Байгалийн давсны орд Цавдан нуур, Ханхөхийн нуруу, Хүнхийн рашаан гэх мэт байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Мөн малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, орон нутгийн онцлогт тохирсон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Энэ тал дээр ирэх жилүүдэд анхаарч, ажил хэрэгтээ тусгаж ажиллана.

-Цар тахлын үед Зүүнхангайнхан хэрхэн ажиллаж, амьдарч байна?

-Цар тахлын энэ үед улс орон болоод иргэдийн аж амьдралд хүндрэл их учирч байна. Иргэдийн худалдан авах чадвар буурлаа. Хөл хорионоос шалтгаалан ажил, үйчилгээ, иргэдийн орлого тасалдаж байгаагаас нийгмийн стресс, бухимдал үүсэж байна. Гэвч иргэд маань төр засгийн шийдвэрийг ягштал биелүүлэн, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаж байна. Ер нь цар тахлыг даван туулахын тулд иргэд хариуцлагатай байх, хувь хүн өөрийгөө эрсдэлээс сэргийлэх нь чухал юм. Вакцинжуулалтын ажил ид өрнөж, иргэд маань дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна. Төр засгаас оновчтой шийдвэрүүдийг гаргаж, иргэдэд хэрэгтэй дэмжлэгүүдийг өгч байгаа нь их хэрэг болж байна.

-Нутгийнхаа ард иргэдэд хандаж та юу хэлэх вэ?

-Нутгийн ахан дүүс та бүхэндээ хандаад ковидгүй зуны төлөө вакцинжуулалтдаа бүрэн хамрагдаж, цар тахлыг эрсдэлгүй даван туулахын төлөө хариуцлагатай, хяналттай байхыг уриалж байна. Мөн 2024 онд тохиох сумын 100 жилийн ойгоо бүтээн байгуулалт, их ажил, амжилт дүүрэн угтахын төлөө хамтдаа хичээцгээе гэж хэлье.

-Баярлалаа. Амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ