Хөвсгөл нуур орчимд тавих хатуу хучилттай замын зураг төсөл бэлэн боллоо

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-06-04 10:14:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын гол зам болох Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 37.9 км хатуу хучилттай авто замын зураг төсөл бэлэн боллоо.


БОАЖЯ Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлыг төлөвлөсний нэг нь Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалын гол зам болох Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн хатуу хучилттай авто зам юм.


Хатгал орчимд байгуулах авто зогсоолын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажил дуусаж, экпертизээр батлуулан, магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргууллаа.


Төслийн авто замын зураг төсөл, хяналтын зөвлөх баг өнгөрсөн оны 11 дүгээр сард гэрээ байгуулж 6 сарын хугацаанд нийт 13 боть бүхий “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”, “Инженер-геологийн судалгаа”, “Археологи, Палеонтологи, Угсаатны зүйн судалгаа” болон 3 чиглэлийн авто зам, авто зогсоолын инженерийн нарийвчилсан зураг төслийг төсөл хэрэгжүүлэх нэгжид албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.

Ингэснээр Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хэрэгжилт нэг шат ахисныг БОАЖЯ-ны албан сайтад мэдээлжээ.

Холбоотой мэдээ