Ж.Баянтөр: Говь газар усны асуудлыг шийдчихвэл ургахгүй ургамал гэж байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-04 13:55:52

Увс /МОНЦАМЭ/. Зүүнговь сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Жутааны Баянтөрийнх хашаандаа төрөл бүрийн жимсний мод тариалж, говь газрыг цөлжилтөөс сэргийлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж байна. Энэ талаар түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Танайх хэчнээн төрлийн мод тарьсан бэ?

-Манайх 2011 оноос хойш хашаандаа мод тарьж байгаа бөгөөд одоогоор 14 төрлийн мод ургаж байна. Монос, нохойн хошуу, үхрийн нүд, хайлаас, бөөрөлзгөнө, чацаргана, интоор, давжаа алим зэргээс гадна улаан сухай гээд их ховор мод тарьсан.

Ээжийгээ нас барахад гэрийнх нь буурин дээр анх хайлаас тарьсан юм. Анхны тарьсан мод маань их сайхан ургасан болохоор дараа жилээс нь урам авч, төрөл бүрийн мод тарьж эхэлсэн дээ. Ер нь бол говь газарт ямар ч төрлийн мод ургах боломжтой гэдгийг харуулахыг зорьж байгаа. Манай хамар хашааны айлууд малтай учраас хашааныхаа мод тарьсан хэсэгт жижиг хашаа хайс хийсэн. Хааш хаашаагаа 15 метр газарт л модоо тарьж байна. Нэг модыг гурваас илүү тарьдаггүй.

-Танай сум говь газар шүү дээ. Ингэхэд усалгааны асуудлаа яаж шийдсэн бэ?

-Хашаандаа гүний худагтай болсон. Мөн хүлэмж байгуулж нарийн ногоо тарьж байна. Намарт чацаргана, үхрийн нүд, мойл, давжаа алим зэрэг жимс хурааж аваад өрх гэрийнхээ жилийн хэрэгцээг элбэг хангачихдаг. Өнгөрсөн жилийн ургац маань одоо хүртэл дуусаагүй байгаа.

-Танаас санаа авч мод тарьж байгаа хүн суманд байна уу?

-Энэ жилээс эхлэн манай сумынхан мод тарих аян өрнүүлж байгаа. Хэдийгээр говь газар ч гэлээ усны асуудлыг шийдчихвэл манай суманд ургахгүй ургамал гэж байхгүй. Бүх төрлийн жимсний мод, бут сөөг ургах боломжтой. Гол нь эхний хоёр жил нялх хүүхэд шиг л арчилж тордох хэрэгтэй. Энэ жил манайх үхрийн нүдний 200 ширхэг үрсэлгээ бэлдэж сумынхаа иргэдэд худалдсан бөгөөд хэрхэн яаж тарих, арчлах талаар заавар зөвлөгөө өгсөн.

Мод тарих бол миний хобби болсон. Би эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр М.Даваахүү маань сумын банканд ажилладаг. Бид хоёр ажлаа тарж ирээд чөлөөт цагаараа мод тарих, арчлах ажлаа хийдэг. Хүүхдүүд маань ч гэсэн тусалдаг бөгөөд хамгийн гол нь байгаль орчноо хайрлан хамгаалах, арчлан тордох хүсэл сонирхолтой болсонд баяртай байгаа.

Сум орон нутгийн удирдлагуудын зүгээс Зүүнговийг ногоон сум болгох зорилт дэвшүүлэн, өрх бүр мод тарихыг уриалж байгаа. Манай гэр бүл энэ ажилд үлгэрлэж, манлайлж оролцохыг зорьж байна.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ