Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт шинэ технологи нэвтэрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГДэлхийд тэргүүлэгч, уул уурхайн салбарт инновацийн хувьслыг хийсэн Женерал Электрик компани “Эрдэнэс Монгол” ХХК-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Женерал Электрик компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан гүйцэтгэх захирал Мухамед Батт нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Оюу Толгой компанийн гүний уурхайн бүтээн байгуулалт болон бусад томоохон төслүүдэд Женерал Электрикийн уул уурхайн инновацийг нэвтрүүлэх боломжийг судлах, тоног төхөөрөмжүүдийг ашиглах, “Эрдэнэс Монгол” компанийн охин болон хараат компаниудын чадавхийг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллана.
Түүнчлэн төмөр зам, усны дэд бүтцийн болон эрчим хүч үйлдвэрлэх, нүүрсний давхаргын метан хий олборлох, нүүрс хийжүүлэх, нүүрсний болон салхины төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх аж.
“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Үйл ажиллагааны цар хүрээгээрээ арвин туршлагатай Женерал Электрик компанитай хамтын ажиллагааг эхлүүлж буй нь уул уурхайн салбарт төдийгүй Монгол Улсын хувьд тогтвортой өсөлтийг хангах стратегийн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Дэд бүтцийн технологи болон санхүүгийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Женерал Электрик компанитай стратегийн түншлэлийг эхлүүлэхэд таатай байна” гэв.
Женерал Электрик компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Гүйцэтгэх захирал Мухамед Батт хэлэхдээ: “Монголын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт орчин үеийн тоног төхөөрөмж, шинэ технологийг нэвтрүүлэх болсондоо баяртай байна. Бидний хамтын ажиллагаа Монгол Улсын тогтвортой хөгжил-байгалийн нөөцийг оновчтой ашиглахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Г.Уранчимэг