Чех улсын ТББ-ууд Богдхан ууланд мод тарив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2021-06-07 18:57:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад Элчин сайдын яам, Каритас Чех Репаблик болон Пипл ин Нийд ОУТББ хамтран Монгол Улсад экосистемийн нөхөн сэргээлтийг сурталчлах зорилгоор Богдхан ууланд мод тарилаа.


Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан мод тарих үйл ажиллагаа нь “Алсын Хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан ойн бүсийг хамгаалах, нэмэх зорилтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын үйл хэргийг дэмжих зорилготой аж.


Пипл ин Нийд болон Каритас Чех Репаблик ОУТББ нь Бүгд Найрамдах Чех Улс болон Европын Холбооноос санхүүжилттэй олон төсөл хэрэгжүүлж ирсний дийлэнх нь хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон тогтвортой амьжиргааг дэмжихэд чиглэдэг.


Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский,
“Монголд үйл ажиллагаа явуулдаг Чех улсын ТББ-аас зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаанд эхнэрийнхээ хамт оролцож байгаадаа маш их баяртай байна. Ойжуулалтын чиглэлд Чех Улс нь Монгол Улстай нягт хамтран ажилласаар ирсэн. Менделийн их сургууль, Ойн менежментийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд нь ойн урт хугацааны менежмент, хөгжүүлэлтийн арга зүйгээр хангаж ажилласан ба онцгой генетикийн чанар бүхий модыг тодорхойлох, бүртгэх арга зүй, мод үржүүлгийн материалыг бий болгох үр дүнтэй аргачлалыг нэвтрүүлсэн. Мөн цогц арга барил буюу мод үрслүүлэх, хөрс бэлтгэх, үр дүнтэй тариалалт, зулзаган мод, суулгацыг хамгаалах аргуудыг санал болгож, нэвтрүүлсэн байна. Брно дахь Менделийн их сургуулийн хувьд Монголын ойн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэсээр байгаа бөгөөд энэ жилээс Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ойн аж ахуйн томоохон төсөлд олон улсын их дээд сургуулийн консорциумыг удирдах юм” хэмээв.


1974 оноос хойш жил бүрийн зургаадугаар сарын 5-ныг НҮБ-ын гишүүн орнууд “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд НҮБ-ын 2021-2030 он хүртэлх экосистемийг сэргээх арван жилийн албан ёсны нээлт “Дэлхийн байгаль орчны өдөр”-өөр тохиож байна.


“Дэлхийн байгаль орчны энэ өдөр болон бусад үед ч Пипл ин Нийд ОУБ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлд Монгол Улсын Засгийн газар болон ард иргэдийг дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжсээр байх болно. Бидний хувьд үр хүүхдүүдийнхээ эдлэх ёстой хүрээлэн буй орчны эрхийг нь хамгаалах ёстой бөгөөд ингэснээр тэдний ирээдүй хойч үеийнхэн илүү эрүүл, аюулгүй орчинд амьдрах юм” гэж Пипл ин Нийд ОУБ-ын Суурин төлөөлөгч, Тим Женкинс хэллээ.


Каритас Чех Репаблик ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Яна Жилкова, “Монгол орны нийт газар нутгийн дөнгөж 11.8 хувийг ой эзэлдэг нь харьцангуй бага ой модтой гэсэн үг. Бид бүгдээрээ мод тариад зогсохгүй, одоо байгаа ойн сангаа хамгаалах шаардлагатай байна. Монголын биологийн олон янз байдал, экосистем баялаг байдлыг бид байгалийн үнэт эрдэнэ гэж авч үзэх хэрэгтэй. Каритас Чех Репаблик байгууллагын хувьд энэхүү санаачилгад нэгдэж байгаадаа туйлын баяртай байгаа ба Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар болон Европын Холбооны Свич-Ази (Switch Asia) хөтөлбөрийн харамгүй тусламж, дэмжлэгт гүнээ талархсанаа илэрхийлье. Бид бүгд хамтдаа ногоон, тогтвортой эдийн засагт шилжиж чадна.” гэж хэллээ.


Каритас Чех Репаблик (КЧР) ОУТББ: Монгол Улсад анхны төслөө 2006 онд эхлүүлсэн байдаг. Байгууллагын эрхэм зорилго нь боловсрол, тогтвортой хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэд, алслагдсан бүлгүүдийг чадавхжуулах замаар олон мянган хүний амьдралыг сайжруулах явдал юм. 2006 оноос хойш Монгол Улсын 15 аймагт 20 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд сургуулийн өмнөх болон мэргэжлийн боловсрол, нийгмийн ажил, амьжиргааг дээшлүүлэх, хүмүүнлэгийн тусламж, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, дахин боловсруулалтын чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна.


Пипл ин Нийд (ПИН) ОУБ: Монгол Улсад 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг чадавхжуулах, хүний эрх, тэгш боломжийг сайжруулахаар зорин ажиллаж байна. ПИН нь онцгой байдлын тусламж үзүүлэхээс гадна хоршоо, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлж, тогтвортой амьжиргааг дэмжих, дээд боловсролыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ