Европын Холбоо Оросын эсрэг хоригийг  сунгахаар  болов  

МОНГОЛЫН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-06-22 17:52:33

Мягмар гаригт Брюссельд Европын Холбооны /ЕХ/ 28 улс  Оросын эсрэг хоригийг дахин 2017 оныг дуустал сунгахаар шийдвэрлэв. Энэ тухай Оросын “Ведомости“ сонин өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.

Европын Холбооны 2014 онд  авсан хориг энэ сарын эцсээр дуусч буй юм. Хоригийн жагсаалт Орос улстай хамтран ажилладаг гол салбаруудын үйл ажиллагааг хязгаарласан.

Ялангуяа, нефть-хийн салбарын болон Оросын банкуудын Европын хөрөнгийн зах зээлд гарах боломжуудыг хаасан билээ.Өнгөрсөн баасан гаригт Европын холбоо нь Крымийн хойг болон Севастополийг Орос улсад нэгдэн орсныг  “хүлээн зөвшөөрөхгүй стратегийн” дагуу хоригийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгажээ. Өчигдөр Люксембургт болсон ЕХ -ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар зарим нэг улс төрчид санкцын журмыг эргэж харах боломжтой тухай ярьжээ. “Бид Минскийн протокол хэрэгжих  алхам бүрт Оросын  хориг  арга хэмжээ цуалж байх ийм загварт аажимдаа орох ёстой юм“ гэж Австрийн Гадаад хэргийн сайд Себастьян Курц хэлснийг “Ведомости” иш татжээ. Үүнтэй  адил санааг Францын ерөнхийлөгч  Франсуа Олланд мягмар  гаригт мэдэгдсэн байна.

Энэ оны 7 дугаар сарын эцэс гэхэд ЕХ-ны Зөвлөлийн хуралдаан дээр нэгдсэн шийдвэр гарах ёстой юм. Гэхдээ сонинд уламжилж буйгаар, 7 дугаар сарын 28-29 –ний өдөр Брюссельд болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалт энэ талаар  шийдвэр гаргаж болзошгүй гэжээ.   

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ