БСШУ-ы сайд Л.Гантөмөр Ховд аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 14:49:07

БСШУ-ны сайд Л.Гантөмөр энэ сарын 29-30 ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Сайд өчигдөр аймгийн засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзав. 

Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар 12 жилийн сургууль, 10 дугаар цэцэрлэг дээр очиж бага боловсрол дээр түшиглэсэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, амьдрах чадвартай иргэн төлөвшүүлэхийг зорьж байгаа  цөм хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Л.Гантөмөр сайдын танилцсан аймгийн төвөөс алслагдсан багийн хөдөөгийн малчдын хүүхэд голлон суралцдаг 7 дугаар сургууль цөм хөтөлбөр хэрэгжүүлэх лаборатори байхгүй, малчдын хүүхдийн 70 хувь нь суралцдагийн дээр дотуур байргүй учир хүүхдүүд ах эгчээ бараадан, айлын эзгүй хашаанд амьдардаг тухай тус сургуулийн захирал Ц.Алтантунгалаг танилцууллаа.

Бас цөм хөтөлбөрийг багш амаараа ярих биш биет байдлаар үзүүлэх, таниулах байгалийн ухааны лаборатори нэн хэрэгцээтэй гэдгийг сайдад дуулгалаа.

Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Уранчимэг БШСУ-ны сайд Л.Гантөмөрт Ховд хотын захын хорооллын Бичигт, Рашаан, Бугат, Алагтолгой багуудын хүүхдүүд хүмүүждэг. Хүүхдийн нягтаршил ихтэй учир шинээр нэмж гурван гэр цэцэрлэг ажиллуулдаг. Цэцэрлэгийн барилгын өргөтгөл хэрэгтэй байгаа хэмээн танилцуулав.

Тэрээр аймгийн Музей, өв соёлын хүрээлэн, соёлын байгуулагын ажилтай танилцсаны дараа Зэрэг, Дарви, Манхан, Цэцэг сумын багш нарын төлөөлөлтэй Зэрэг суманд уулзалт хийв.

Өнөөдөр Л.Гантөмөр сайд Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууллтай танилцаж, хичээл үйл ажиллагаанд оролцож хүүхдийн тоглолт үзэх юм. Үргэлжлүүлэн Жаргалант сумын 7 дугаар цэцэрлэг, Прогресс сургуультай танилцана.

Дараа нь аймгийн нийт ЕБС, цэцэрлэгийн багш, ажилчид, ахмад багш нар, музей,соёлын байгуулагынхантай аймгийн Хөгжимт драмын театрт уулзалт хийнэ.

Уулзалтын дараа БСШУ-ны сайд Л.Гантөмөр Гэгэн музагийн Гран при  шагнал хүртсэн “Галдан хаан” жүжиг үзэх юм.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд