Завханы Улиастай сумын хяналтын постын тоог нэмнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-06-11 18:48:28

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт өнөөдөр 8 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Аймгийн Шуурхай штаб хуралдаж аймагт үүсээд буй нөхцөл байдал, батлагдсан тохиолдлуудын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

-“Өнөөдрийн 16.00 цагийн байдлаар Улиастай суманд гурав, Тосонцэнгэлд хоёр, Цэцэн-Уулд хоёр, Их-Уул суманд нэг иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. 

Улиастай суманд бүртгэгдсэн тохиолдол нь эх үүсвэр тодорхойгүй. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 13.00 цагийн үед Эрүүл мэндийн газрын мэргэжилтэнд мэдээлэл өгч түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээ өгснөөр хариу нь эерэг гараад байна.

44 настай иргэн М нь вакцины эхний тунгаа тавдугаар сарын 13-ны өдөр, хоёр дахь тунгаа зургаадугаар сарын 5-ны өдөр хийлгэсэн байна. Тэрээр вакцины эхний тунгаа хийлгэснээс хойш бие арзайх, даарах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Харин хоёр дахь тунд хамрагдахаас өмнө ханиалгаж байсан аж. Тэрээр 6-р сарын 9-ний өдөр 20-21 цагийн үед Богдын гол багт сонгуульд оролцож саналаа өгсөн байна. 6-р сарын 10-ны өдрийн 9.00 цагт Биндэргарав өрхийн эрүүл мэндийн төв, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэг цонхоор үйлчлүүлсний дараа рентгенд харуулж, амбулаторид дотрын эмчид үзүүлжээ. Тухайн иргэнийг тусгаарлан ажиглах өрөө, Халдвартын тасагт шилжүүлээд байна. Энэ иргэний нэгдүгээр хавьтлын 60 хүн байгаа бол хоёрдугаар хавьтлын судалгааг тандалтын баг хийж байна.


Цэцэн-Уул суманд мэргэжлийн баг ажиллахаар болов

Цэцэн-Уул суманд 6-р сарын 5-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн иргэн эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул 6-р сарын 9-ний өдөр Эрүүл мэндийн төвд мэдэгдэж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг хариу гарсан байна.

Тухайн иргэний ойрын болон дам хавьтлын найман иргэнээс давхар шинжилгээ авахад 6-р сарын 10-ны өдөр хоёр иргэн халдвар авсан нь батлагдлаа. Тухайн хоёр иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүлээд байна. Халдвар тээж ирсэн иргэн нь Улаанбаатар хотод тавдугаар сарын 1-ний өдөр вакцины эхний тунд, тавдугаар сарын 26-ны өдөр хоёр дахь тунд хамрагдсан байна. Энэ иргэн бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоноогүй байсан тул 6-р сарын 3-ны өдөр PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тул Цэцэн-Уул суманд иржээ. Тус иргэний ойрын хавьтлын 13, хоёрдугаар хавьтлын 69 иргэн байна. Ингээд аймгийн Засаг даргын захирамжаар тус суманд тандалт судалгааны мэргэжлийн баг томилж ажиллуулахаар шийдвэрлэлээ.

 

Халдвар авсан долоон настай хүүхдийн бие муу байна

Тус аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн яаманд мэдээлэл өгснөөс хойш Улиастай суманд дахин хоёр иргэн, Тосонцэнгэлд хоёр иргэн, Их-Уул суманд нэг иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдаад байна.

Улиастай суманд 65 настай иргэн, Улаанбаатар хотоос ирсэн түүний долоон настай зээ хүү нар халдвар авсан нь батлагдлаа. Одоогоор хүүхдийн биеийн байдал хүнд байна. Улаанбаатар хотоос 5-р сарын 22-ны өдөр тухайн иргэний хоёр зээ хүү нь, 6 дугаар сарын 6-ны өдөр нэг зээ хүү нь иржээ.

Халдвартай хоёр иргэний өндөр эрсдэлтэй ойрын хавьтлын 103 настай иргэнд шинж тэмдэг илэрч эхэлсэн бөгөөд мөн биеийн байдал хүнд байна. Харин тухайн гэр бүлийн нэг гишүүн Улаанбаатар хот руу ачаа тээвэрт явдаг жолооч юм. Одоогоор голомтыг тогтоохоор ажиллаж байна. Дээрх батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 15 иргэн байгаа бол хоёрдугаар хавьтлыг судалж байна. Харин Тосонцэнгэл сумын батлагдсан хоёр иргэн өмнө нь батлагдсан тохиолдлын хавьтал бөгөөд сумын Нэгдсэн эмнэлэгт эмчилж байна.

 

Халдвар бүртгэгдсэн сумдад тандалт судалгаа хийнэ

Их-Уул сумын эрүүл мэндийн төвөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 06.30 цагийн үед аймгийн Эрүүл мэндийн газарт мэдээлэл өгсөн байна.

Улаанбаатар хотоос ирсэн 48 настай иргэн вакцины эхний тунгаа 5-р сарын 4-нд, бүрэн тунд 5-р сарын 25-нд хамрагджээ. Тухайн иргэн вакцины бүрэн тунд хамрагдсан байсан тул PCR шинжилгээ өгөөгүй. Ингээд 6-р сарын 10-ны өдөр 5.00 цагийн үед Их-Уул сумын хяналтын постод ирэх үед нь зовуурь илэрч, хамар битүүрэн, нус гоожсон эмнэл зүйн шинж тэмдэгтэй байсан тул сайн дураар түргэвчилсэн шинжилгээг хоёр удаа өгөхөд эерэг гарчээ. Ингээд өнөөдөр PCR шинжилгээгээр халдвар авсан нь батлагдлаа. Энэ иргэнтэй нэг автомашинд ирсэн дөрвөн хүний түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарсан бөгөөд суманд нь тусгаарласан байна. Халдвартай иргэнийг Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчилж байна.

Мөн 6-р сарын 10-ны шөнө Улиастай суманд ирсэн хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул гэрт нь тусгаарлаж PCR шинжилгээг хийж байна. Ингээд өнөөдрийн аймгийн Шуурхай штабын хурлаар Цэцэн-Уул суманд тандалт судалгааны мэргэжлийн баг ажиллуулах. Халдвар бүртгэгдсэн сумдад тандалт судалгааг маш сайн хийх. Улиастай суманд вакцины хоёр дахь тунд хамрагдсанаас хойш 14 хоноогүй иргэдээс түргэвчилсэн оношлуураар тандалтын шинжилгээ авах. Гэрийн тусгаарлалтын хяналтыг сайжруулах. Улиастайн урд чиглэлд хяналтын постууд нэмж ажиллуулах. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй автобус болон онгоцоор зөвхөн вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоносон иргэдийг хүлээж авах. Өөрийн аав ээжтэйгээ ирсэн хүүхдүүдийг гэрийн тусгаарлалт сайн мөрдүүлэх арга хэмжээг тус тус хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэлээ. 

Холбоотой мэдээ