Улаангомд долоо хоног хөл хорио тогтооно

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-06-11 21:20:42

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвд долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоохоор боллоо. Тодруулбал, Коронавирусний халдварын тархалт нэмэгдэж, өвчний тодорхойгүй голомтууд гарч байгаатай холбогдуулан тандалт судалгааны ажлыг эрчимтэй явуулах зорилгоор энэ сарын 12-ны өдрийн 11.00 цагаас 6-р сарын 19-ний өдрийн 8.00 цаг хүртэлх хугацаанд Улаангом сумаас бусад аймаг сумд руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах тухай Улаангом сумын Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа.

Энэ хугацаанд барааны зах, дэлгүүр, ресторан, цайны газар, кофе шоп, үсчин, гоо сайхан, автомашин угаалга болон засварын газар, түүхий эдийн цэг ажиллахыг хориглосон байна. Мөн банкны үйл ажиллагаа, хурим найр, хурдан морины уралдаан хийхийг хоригложээ. Харин цаг үеийн шинжтэй нүүдэл, газар тариалан, буяны ажил, барилга бүтээн байгуулалтын ажлыг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан явуулахыг зөвшөөрсөн байна.

Холбоотой мэдээ