“Таван-Од”-ын Эрдэнэбаатар
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Хийж бүтээсэн
ажлаараа олонд танигдаж, түүгээрээ овоглох шиг сайхан зүйл үгүй. Энэ л жишгээр
яваа цөөн хүмүүсийн нэг бол “Таван-Од”-ын Эрдэнэбаатар билээ. Уг нь түүнийг
Чогжирын Эрдэнэбаатар гэдэг. Гэвч “Сэтгэл сэргээсэн таван-Од” ХХК-ийг үүсгэн
байгуулагч гэдэг утгаар нь бидний олонх түүнийг “Таван-Од”-ын Эрдэнэбаатар гэж
нэрлэж хэвшжээ.
Тэрбээр 1954 онд
төрж, Улаангом сумын 10 жилийн 1-р сургууль ашиглалтад орсон жил буюу 1964 оны
намар 1-р ангид элсжээ. Улмаар 1974 онд 10-р ангиа төгсөөд МУИС-ийн Усны
инженерийн ангид орж, 1980 онд төгссөн байна. Ажлын гараагаа аймгийн Гүйцэтгэх
Захиргааны Барилга захиалагчийн товчоонд ахлах мэргэжилтнээр эхэлсэн тэрбээр
жил гаруйн хугацаанд ажиллаад цэргийн албанд татагджээ. 1982 онд цэргээс
халагдаж ирээд Увс аймгийн Усны аж ахуй, барилга угсралтын трестэд ахлах
инженер, ерөнхий инженерээр ажиллаж байгаад 1990 онд Удирдлагын академид элсэн
суралцсан байна. Дараагаар нь 1991-1992 онд аймгийн Өмч хувьчлалын комиссын
мэргэжилтэн, 1992-1996 онд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дарга,
1996-2002 онд хувийн салбарт тус тус ажиллажээ. Энэ л үедээ буюу 1998 оны 5-р
сарын 18-нд “ССТ-Од” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд өдгөө тус компани 23 дахь
жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Энэ завсар буюу 2002-2013 оны
хооронд Увс аймгийн Гаалийн газрын даргаар томилогдож, тасралтгүй 12 жил
ажиллаад 2014 онд тэтгэвэртээ гарсан түүхтэй.
Ч.Эрдэнэбаатар дөрвөн хүүхэдтэй айлын ганц хүү бөгөөд нэг эгч, хоёр охин дүүтэй. Айлын ганц хүү болохоор эрх танхи, дур зоргоороо өссөн нь дамжиггүй. Энэ тухайгаа өөрөө дурсан ярихдаа: “Би айлын ганц хүү. Заримдаа сайхан ч, хэцүү үе их байсан. Намайг бага байхад аймгийн төвийн айлууд зусланд нүүнэ гэж их хүнд ажил байлаа. Жил бүрийн 6-р сард Улааангомын айлууд 1-2 өдрийн дотор Улаан уулын хажуугаар зусланд гарч бууна. Эргээд 8-р сарын сүүлчээр бүгдээрээ ганц хоёр өдрийн дотор нүүж орж ирнэ. Тэр үед аав маань яаж ганцаараа гэрээ ачиж нүүдэг байсан юм бол гэж одоо боддог. Би 6-р ангид орсон жилээс л аавдаа тусалж, эгчтэйгээ хамжаад шалны өнцгөөс өргөлцөх төдий болсон.
Айлын ганц юм болохоор чихэр жимс,
амттан шимттэнг хамгийн түрүүнд хүртэнэ. Ер нь эрх танхи өссөн дөө. Харин аав,
ээжээ өтлөхийн цагт тэдэндээ туслах гэхээр ганц хүн ганцаарддаг л юм билээ.
Халширмаар, хэцүү санагддаг үе их байсан шүү” хэмээн шүүрс алдах. Арга ч үгүй
биз. Орчлон хорвоо дээр хүний ганц хүү, охин болж төрөх шиг хэцүү тавилан үгүй
билээ. Гэвч “Ганцаас газар дүүрдэг” гэгчээр тэрбээр таван сайхан хүүтэй болжээ.
Сайн аав ээжийн, сайхан ханийн буянд ийнхүү хүний ганц хүү хэнээс ч дутахгүй
олуулаа болсон нь бурхны таалал гэлтэй.
Түүний аавыг
Очирын Чогжир гэх бөгөөд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн. Хавь ойрынхондоо
“Чойгоо мастер” хэмээн хүндлэгдсэн тэрбээр машин, мотоциклээс эхлээд зурагт,
радио хүртэл засчихдаг “алтан гартай” инженер байжээ. Харин түүний ээжийг
Хархүүгийн Чимэд гэдэг. 1950-иад оноос эхлэн насаараа сувилагчаар ажилласан
тэрбээр эмч ховор цагт доктор гэгдэж явсан ба 1974 онд тэтгэвэрт гарч, 1994 онд
бурхан болсон байна. Монголын бурхан шашны тэргүүн хамба Х.Гаадангийн төрсөн
эгч тэрбээр их шударга хүн байжээ. Ямар сайндаа л тэр үеийн аймгийн намын
хорооны гишүүд хурал дээр Х.Чимэд сувилагч шүүмжилчих вий хэмээн яс хавталзан суудаг байсан гэлцдэг.
Ч.Эрдэнэбаатарын
ханийг Равдангийн Цэвэлмаа гэдэг. Тэд 1979 онд гэр бүл болж, 1979-1992 оны
хооронд 5 хүү төрүүлж өсгөжээ. Тухайн үед эцэг, эх хоёр нь “Ганц залуу маань
таван хүүтэй боллоо. Одоо манай хүү алзахгүй, зовохгүй, зүдрэхгүй боллоо”
хэмээн ихэд бэлгэшээж, баярлаж байсан гэдэг.
1998 онд
компаниа байгуулахад нэр өгөх асуудал чухлаар яригджээ. Тэр үед өөрийн нагац
ах, Монголын бурхан шашны тэргүүн хамба Х.Гаадан ахаасаа асуухад “Сэтгэл
сэргээсэн таван од гэж нэрлэ. Чи таван сайхан хүүтэй шүү дээ. Мэгжид жанрайсаг
бурхны монгол нэрийг Сэтгэл сэргээгч гэдэг юм” хэмээн айлджээ. Ийнхүү Х.Гаадан
хамба нагацынхаа зөвлөснөөр “Сэтгэл сэргээсэн таван од” хэмээн компаниа
нэрлэсэн байна. Гэвч хаяг бичих, танилцуулга бэлтгэхээс эхлээд өдөр тутам ажил
үйлчилгээ явуулахад хэтэрхий урт нэр байсан тул “ССТ-Од” хэмээн товчлон бичих
болсон түүхтэй аж.
Үүсгэн байгуулсан цагаасаа л эхлэн “ССТ-Од” компани Увс аймагтаа анхдагч болж олон
төрлийн ажил үйлчилгээг нэвтрүүлэх болжээ. Тухайлбал, зах зээлийн нийгэм
эхлэхэд улсын өмчийн ресторан, буудал бүгд хувьчлагдаж, ихэнх нь ажиллахаа
болсон үед 100 хүний суудалтай рестораныг аймагтаа анхдагч болж 2002 онд
ашиглалтад оруулсан байна. Мөн аймгийн төвд тогтмол ажилладаг халуун ус байхгүй
үед халуун усны газрыг сэргээж ажиллуулснаас гадна дугуй засвар, авто угаалгын
газрыг нээн ажиллуулж байжээ.
Тэрчлэн жимс
жимсгэнэ тариалах, усалгаатай талбай байгуулах ажилд ханцуй шамлан орж, 1998 онд
2,8 га-д үхрийн нүд, чацаргана тариалсан байна. Тухайн үед Улаан уулын орчимд
ямар ч жимс жимсгэний талбайгүй, чацаргана тарьдаг хүн ч ховорхон байсан гэдэг.
МУИС-ийн усны инженерийн нэг ангийн андууд болох, одоогийн “Ус-Эрдэнэ”
компанийг үүсгэн байгуулагч, нэг гэр бүлийн хоёр Х.Очирбат, Ц.Оюун нартайгаа
хамтран Улаан уулын хажууханд чацарганы мод тарих ажлыг эхлүүлсэн түүх түүнд
бий. Гэтэл өдгөө хов хоосон байсан тэр орчин битүү ой, чацарганы талбай болсон
нь сайшаалтай.
Өнөөдрийн хувьд
“ССТ-Од” компани Сагил сумын нутаг дахь Цэнжийн тариг гэх газарт 100 га талбайд
чацарганы плантаци байгуулж, услалтын асуудлыг нь бүрэн шийдвэрлэн, 40 га-д нь
чацаргана тариалаад байна. Мөн 200 га-д хадлан, тариа тарих далд услалтыг
шийджээ. Эднийх жилдээ 60-70 тн чацаргана хураан авч зах зээлд нийлүүлдэг гэх.
“Миний амьдрал
“ССТ-Од” компанитай, мөн Увс аймгийн усны аж ахуй, дулаан эрчим хүч, гааль
гэсэн дөрвөн байгууллагатай салшгүй холбоотой. Энэ л дөрвөн салбарт
амьдралынхаа 36 жилийг үрж, өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн дээ” хэмээн
даруухан өгүүлэх.
Ч.Эрдэнэбаатар
Увс аймгийн Усны аж ахуйд инженер, ерөнхий инженерээр ажиллаж байхдаа Увс
аймагт барьсан 13 услалтын системийн 11-ийг нь удирдан бариулж байжээ.
Тэдгээрээс Улаан толгой, Улаан хотгорын услалтын систем одоо ч ажиллаж байгаа
билээ. Харин Хархираагийн услалтын системийг 1981-1984 онд, Баруунтурууны
услалтын системийг 1987-1990 онд оросууд Увс аймагт барьж өгч байжээ.
Тэрбээр
1992-1996 оны хооронд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргаар ажиллаж
байхад улс орон даяар дулаан, эрчим хүчний салбар ихээхэн доголдолтой байжээ.
Тэр үед аймгийн дулааны станц, цахилгаан эрчим хүчний байгууллага хоёр нийлээд
Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр нэрийн дор ажиллаж байсан цаг. Одоогийнх шиг бүх
сум гэрэл цахилгаанд холбогдоогүй, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нуран
унаж, зах зээлийн шуурга шуурч байсан ид үе. Аймгийн төв болон бүх сум тогтмол
гэрэл цахилгаангүй харанхуй. Ихэнх нь дизель мотор асааж, богиносгосон цагаар
гэрэл цахилгаанаа асаана. Цахилгааны саатал, тасалдал өдөр тутам гарахаас гадна
шугамын алдагдал, гэрлийн хулгай ихтэй. Гэрлийн утасны модон шон өөд хэн дуртай
нь авирч, цахилгааны утсаа тохоод тог авчихна. Тухайн үед эрчим хүчний
байгууллага шугамын алдагдлаас болоод үйлдвэрлэсэн цахилгааныхаа ердөө 30-40
хувийнх нь үнэ өртгийг олж авдаг байжээ. Яг тэр цаг үед телевизийн олон ангит
“Халтар царайт” кино гарч, монголчууд тэр аяараа үзэж байсан цаг. Хэрвээ гай
болж “Халтар царайт” гарч байх үеэр гэрэл цахилгаан тасарвал Цахилгаан станцын
байр луу дэггүй залуус чулуу нүүлгэж гарна. Иймээс цахилгааны тасалдал
гаргахгүйн тулд эрчим хүчний ажилчид эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг байжээ.
Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр зөвхөн гэрэл цахилгаан түгээгээд зогсохгүй аймгийн
төвийн төсөвт байгууллагууд болон орон сууцны айл өрхүүдийг дулаан халаалт,
цэвэр, бохир усаар хангах үүрэгтэй. Увс аймаг өвөлдөө -50 хэм хүрч хүйтэрдэг
болохоор дулаан халаалт, цэвэр бохир усны шугамын эвдрэл гарах, байруудын паар
хөлдөх, хагарах гэх мэтийн бэрхшээл өдөр тутам тохиолдоно. Цагаан сарын шинийн
нэгний өглөө цацлаа өргөчихөөд гоёлын дээл, гуталтайгаа ажил дээрээ дуудагдан
очиж хөлдсөн нүүрс тэслэн, уурын зуухаа галлаж байсан үе бий. “Одоо цагт
аймгийн төвд нүүрс тэслээд уурын зуух халаана гэвэл гэмт хэрэгт орно доо. Тэр
цагт Улаангом сийрэг, хүн, машины хөл хөдөлгөөн бага тулдаа л болсон байх”
хэмээн тэрбээр толгой сэгсэрч билээ. Нүүрс тэслэх болсон учир нь гэвэл Дулааны
станцын ажилчид 6, 7-р сард өвөл хэрэглэх нүүрсээ татдаг байж. Гэтэл
намаржин бороонд норсон нүүрс өвөл нь барьцалдаж хөлдөөд дулааны станцын
ээлжийн галч нар салгаж дийлэхээргүй мөсөн дош болсон тул арга буюу тэсэлгээ
хийж бутлахад хүрчээ.
Энэчлэн аймгийн
цахилгаан эрчим хүч, дулаан хангамжийн байгууллагын аль нэгэн тоног
төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарвал цахилгаан, дулаан олон арван хоногоор саатах
үе гардаг байж. Засаж сэлбэх гэхээр бүх юм ховор тул олдоц муу. Улаанбаатараас
захилаа гэхэд зам даваа хэцүү учир ирэх гэсээр цаг алдах нь энүүхэнд. Аймгийн
төвд дэлгүүр хоршоо цөөхөн, Хангамж бааз хувьчлагдаад тарж бутарсан тул хайсан
сэлбэг нь олдохоосоо олдохгүйн зовлонтой. Ийм л хүндхэн цаг үед тэрбээр аймгийн
Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргаар ажиллаж, дулаан хангамж, цэвэр бохир
ус, гэрэл цахилгаанаар аймгийн төвийг хангаж, одоогийн энэ сайхан нийгэмтэй
золгоход өөрийн хувь нэмрээ бодитоор оруулсан гавъяатай билээ.
Ч.Эрдэнэбаатар
2002-2014 оны хооронд Увс аймгийн Гаалийн хорооны даргаар ажиллахдаа гаалийн
салбарт шинэчлэл хийж чадсан юм. Тухайлбал, Увс аймгийн ард иргэд Боршоогийн боомтоос
гадна Тэс сумын Шар үзүүрийн боомтоор 2012 оноос эхлэн ОХУ хооронд чөлөөтэй
зорчдог болжээ. Түүнийг Увс аймгийн Гаалийн хорооны даргаар ажилласан 12 жилийн
хугацаанд аймгийн гаалийн байгууллага ажлаараа системдээ тогтмол 1-5-р байрт шалгарч ирсэн байна. 2002 онд Ч.Эрдэнэбаатарыг аймгийн Гаалийн хорооны даргаар
томилогдоход тус байгууллага жилдээ 400 сая төгрөгийн татвар хуримтлуулдаг
байсан бол 2013 онд ажлаа өгөх үед нь 10 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт
төвлөрүүлдөг болсон байжээ. Тэрбээр Увс аймгийн Гүний гаалийн газрыг үлгэр
жишээ тохижуулснаас гадна Боршоо боомтыг олон улсын боомт болгох бичиг цаасны
ажлыг гардан хийсэн гэдэг.
2014 онд тэрбээр
чөлөөндөө сууснаас хойш хувийн “ССТ-Од” компанийхаа зөвлөхөөр ажиллаж, үйл
ажиллагааг нь улам өргөжүүлсээр байна. Тухайлбал, “ССТ-Од” компани усны барилга
байгууламж барих, худаг, уст цэг гаргах, барилга угсралтын чиглэлээр үйл
ажиллагаа явуулж, одоогоор тус компани Баян-Өлгий аймгийн Толбо, Дэлүүн, Ховд
аймгийн Буянт, Баянхонгор аймгийн Галуут, Увс аймгийн Сагил, Хяргас суманд тус
тус усны барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулаад байна. Тэрчлэн
“ССТ-Од” компани Сагил сумын Боршоо багийн төв, Завхан сумын халуун ус, Тэс
сумын Таван улиасны сургуулийн өргөтгөл, спорт заалны барилга угсралтын ажлыг
хийж гүйцэтгээд байна.
Хамгийн сүүлд
буюу өнгөрсөн жил Хяргас суманд Монгол улсад эхний гуравт орох хэмжээний
томоохон хөв цөөрөм байгуулжээ. Үндсэндээ 20 метр өндөртэй, 260 м урттай, 1,8
сая метр куб ус хуримтлуулах хүчин чадалтай хөв цөөрмийг улсын төсвийн
хөрөнгөөр Хяргас суманд байгуулснаар энэ хавраас эхлэн тус сумын төвд ногоон
байгууламж бий болгох их ажил ундарч, хаа саагүй цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлт
хийж байна. Одоогоор тус хөв цөөрөмд 1,5 сая метр куб ус хуримтлагдаад
байна.
“ССТ-Од” компани жилд тэрбум 500 сая төгрөгийн
ажил үйлчилгээ гүйцэтгэж, улсын төсөвт 90-100 сая төгрөгийн татвар төлдөг
байна. Нийтдээ 43 ажилтантай. 2013 оноос Хархираагийн амралтыг худалдан авч
ажиллуулах болжээ.
“Төрийн халамж
ихдээд ажил хийдэг хүн олдохоо байлаа. Гэрэл цахилгаан, дулаан, цэвэр бохир
усны үнийг энэ оны 7-р сарын 1 хүртэл тэглэсэн нь аж ахуй эрхэлж буй хүмүүст
маш том дэмжлэг болсон. Бусад халамж нь дарамт болж байна. Зургаан хүүхэдтэй
айл гэхэд сар бүр 600 мянган төгрөг авч байгаа тул хүүхдийнхээ мөнгийг иднэ,
ажил хийхгүй гээд хойш нь суудаг хүмүүс олширлоо” хэмээн тэрбээр халагласан.
Мөн “Дээд боловсролтой хүн сайхан амьдардаг гээд айл бүр хүүхдээ дээд сургуульд сургаж, тэд нар нь төгсөж ирээд ажлын байргүй хэцүүдэж
байна. Ажилд орсон зарим нь ажлаа хийж чадахгүй гологдож байгаа. Өөр ажил хий,
шавар зуур, шал угаа гэхээр би дээд боловсролтой чадахгүй гээд хойш суудаг.
Хэрвээ зах зээлд эрэлттэй мэргэжил эзэмшээд ирвэл сургаад авч болно л доо”
хэмээн Ч.Эрдэнэбаатар зөвлөх сэтгэлээ уудалсан юм.
Тэрбээр усны
инженер мэргэжилтэй болоод ч тэрүү усыг, байгаль дэлхийг их шүтнэ. “Байгальд
ээлтэй юм хийе гэвэл хэвлийд нь ус тогтоо, хүнд ээлтэй юм хийе гэвэл тус хүргэ”
гэж тэр бусдад сургах дуртай аж.
“Газартай харьцсан
хүн хоосон хоцордоггүй. Сүүлийн үед хүмүүс төрөл бүрийн жимс жимсгэнэ, ногоо
тарих болсон байна. Гол нь услалтын асуудлыг шийдээд, хөв цөөрөм байгуулах
шаардлагатай. Аль болох гадаргын усыг ашиглаж, гүний усаа хайрлах нь чухал.
Дэлхийн усны хоёрхон хувийг ундны цэвэр ус эзэлдэг. Энэ нөөц дуусах л юм бол
хүмүүс цэвэр усны гачигдалд орно. Усыг алтаар үнэлэх цаг удахгүй ирнэ шүү.
Гэтэл монголчууд яаж байна, “Хар ус харамлалаа” гэдэг. Нэг хэсэг хэн дуртай нь
хашаандаа худаг гаргаж байсан. Ашгүй сүүлийн 3 жилээс эхлэн худаг гаргахад
зөвшөөрөл авдаг болсон нь сайшаалтай” хэмээн тэрбээр газрын гүний усаа
хайрлахыг сануулсан юм.
“ССТ-Од” компани
дулаан үйлдвэрлэлийн чиглэлээр 23 жил ажиллажээ. Тодруулбал өөрийнхөө ресторан,
зочид буудлын байрыг дулаан халаалт, цэвэр, бохир усаар хангаад зогсохгүй
Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн хичээлийн байрыг өнгөрсөн он
жилүүдэд дулаан халаалтаар хангасаар иржээ. Мөн 2018 оноос эхлэн Түргэн сумын
төсөвт байгууллагуудыг дулаан халаалтаар ханган ажиллаж байна.
Эднийх 2012 онд
буудал, ресторанаа өргөтгөж, 250-300 хүний суудалтай ресторан ашиглалтад
оруулсан байна. Ингэснээр томоохон үйл ажиллагааг зохион байгуулах хүчин чадалтай,
дээд зэрэглэлийн тансаг рестораныг аймагтаа бий болгож чаджээ. Хархираагийн
амралтыг авснаас хойш цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг хөөцөлдөж, 2017 онд
улсын төсвөөс 350 сая төгрөг гаргуулан, өөрөө үлдэгдэл мөнгийг нь шийдвэрлэж,
мөн техник тоног төхөөрөмжөө ажиллуулан өндөр хүчдэлийн шугамд холбожээ.
Энэ зунаас Хархираагийн амралтад Мобикомын антен босгож харилцаа холбооны
асуудлыг шийдэх аж. Харамсалтай нь сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас
болоод тогтмол үйл ажиллагаа явуулж чадаагүй байна.
Өнгөрсөн
хугацаанд “ССТ-Од” компани “Аймгийн аварга байгууллага”-аар 2 удаа шалгарснаас
гадна “Шилдэг татвар төлөгч”, “Хөрөнгө оруулагч компани”-аар шалгарч байжээ.
Мөн нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр баруун бүсдээ 3 удаа
тэргүүлсэн байна.
Ч.Эрдэнэбаатар
дарга өөрөө Сангийн яамны Эдийн засгийн тэргүүний ажилтан, Эрчим хүчний
тэргүүний ажилтан, Усны аж ахуйн тэргүүний ажилтан, Нийтийн аж ахуй
үйлчилгээний тэргүүний ажилтан, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Хүндэт
гаальчин зэрэг шагналаас гадна төрийн дээд одон медаль Алтангадас одон,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулжээ. Мөн тэрбээр
аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж, ард олноо төлөөлж явсан
удаатай билээ.
Өдгөө түүний
таван хүү бүгдээрээ эрийн цээнд хүрч, сайн сайхан амьдарч явна. Хамгийн том нь
болох Э.Баатарсан эдийн засагч мэргэжилтэй бөгөөд ОХУ-д төгсчээ. Дараагийн хүү
Э.Наранбаатар цахилгааны инженер мэргэжилтэй бөгөөд одоо “ССТ-Од” компанийн
гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Дунд хүү Э.Октябрь аавынхаа усны инженер
мэргэжлийг эзэмшиж, одоо гэр бүлээрээ АНУ-д ажиллаж, амьдарч байгаа аж. Харин
дараагийн хүү Э.Баянмөнх Энэтхэг улсад IT инженер мэргэжлээр төгсөөд одоо
Улаанбаатар хотноо Монгол банканд ажиллаж байгаа бол отгон хүү нь замын инженер
мэргэжилтэй, өдгөө аавынхаа ажилд дэм тус болж явна.
Чогжирын Эрдэнэбаатар
гэх энэ эрхэм хүмүүн аймаг орон нутгийнхаа болоод улс орны хөгжил дэвшлийн
төлөө, хүн ардын сайн сайхны төлөө өөрийнхөө ухамсарт амьдралыг зориулж, цаг
хугацаатай уралдан хийж бүтээсээр буй нь бахархам юм.