Б.Жонсон “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг тэгш бус байдлыг зохицуулах уриагаар эхлүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-06-12 10:24:21

ЛОНДОН. /Euronews/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэллээ.


Тэрбээр, “Дэлхий дахин цар тахлаас сургамж авахын сацуу дэлхийн эдийн засгийн сүүлийн хямралаас гарах үеэр тэгш байдлыг хангаж чадаагүй алдаа дутагдлаа ухамсарлах хэрэгтэй байна” гэдгийг цохон тэмдэглэв.


Мөн “Долоогийн бүлэг”-ийн аж үйлдвэржсэн орнуудын удирдагчид хэрхэн “илүү сайхан ирээдүйг хамтдаа цогцлоохын төлөө” хамтран ажиллаж, ингэхдээ тэгш байдлыг чухалчлахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг онцлон хэлжээ.


Дэлхийн хамгийн хөгжингүй эдийн засагтай орнуудын төлөөлөгчид Английн Корнуолл гүнлэгт цуглаж, баасан гаргаас хэлэлцүүлгээ өрнүүлж эхлээд байна.



2019 оноос хойш анх удаагаа биечлэн зохион байгуулж буй энэхүү уулзалтаар гаргах төлөвтэй байгаа мэдэгдлүүдийн нэг нь “COVID-19”-ийн вакцин шаардлагатай байгаа орнуудыг нэг тэрбум тун вакцинаар хангах юм.


Энэ оны нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш хилийн чанадад анхны айлчлалаа хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд 500 сая тун вакцин хандивлана гэдгээ хэдийн амласан билээ.


Мөн "Долоогийн бүлэг" уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах чиглэлд шийдэмгий алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэдэгт байгаль хамгаалагчид найдаж байна.


Түүнчлэн талууд томоохон корпорациудад ногдуулах татварын доод хэмжээг 15 хувиас багагүй байлгах талаарх Сангийн сайд нарын өнгөрсөн долоо хоногийн тохиролцоог дэмжих төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ