Эрдэмтэн Б.Катуугийн 70 насны ойн эрдэм шинжилгээний хурал, номын нээлт болов

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-06-12 12:13:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ахмад эрдэмтэн доктор, профессор Б.Катуугийн 70 насны ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал, "Монгол ардын домогт дуухэмээх номын нээлт өчигдөр боллоо.

 

Энэхүү үйл ажиллагааг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Ховд Их сургууль хамтран зохион байгуулав.

 

Эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Ж.Бат-Ирээдүй нээж үг хэллээ. Мөн Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын салбарт профессор Б.Катуугийн оруулсан хувь нэмрийг үнэлж, Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор А.Алимаа, Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн Хэл, зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор Д.Өрнөхдэлгэр нар эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэв.

 

Ахмад эрдэмтэн Б.Катуу 70 насны босгон дээр судлаач Н.Нарангэрэлийн хамтМонгол ардын домог дуухэмээх томоохон эмхэтгэлийг бэлтгэн нээлтээ хийлээ. Тус номын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл танилцуулав. Уг бүтээлийг хэвлүүлэхэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл дэмжлэг туслалцаа үзүүлжээ.

 

Энэхүү номд 200 гаруй дууны домог, хувилбаруудын хамт багтсан бөгөөд ноот бичвэртэйгээрээ онцлог болжээ. Уг эмхэтгэлийг доктор МУСГЗ, доктор, профессор, зохиолч Л.Дашням, МУИС-ийн багш, доктор Л.Хэрлэн нар ариутган шүүсэн байна. Тууль судлаачид хүндэтгэл илэрхийлэх, ардын домогт дууны шинэ бүтээлийн нээлтийн ёслолд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав, СТА, ардын дуучин Б.Алтанжаргал, СТА дуучин Ц.Мөнхсоёл нарын уран бүтээлчид ая дууны мялаалга өргөв.

 

Шинжлэх ухааны доктор, профессор Балчингийн Катуу нь бага, дунд сургуулийн багшаар хөдөлмөрийн гараагаа эхэлж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ын Ховд дахь салбар сургууль болон БНУнгар Улсын Лөрөнд Өтвөшийн их сургуулийн Төв Азийн тэнхимд лектор багшаар уригдан ажиллажээ.

 

Тэрбээр Бужин даваа” /1983/, “Бум эрдэнэ” /1985/, “Дань хүрэл” /1986/, “Дуутай мөндөр” /1989/, “Монгол хуримын ба домогт дуу” /1995/, “Дөрвөд ардын тууль” /1996/, “Монгол туулийн бэлгэдэл” /1997/, “Монгол ардын тууль судлалын зарим асуудал” /1999/, “Захчин ардын аман зохиол”/2004/, ”Монгол туулийн дүрийн тогтолцоо”/2004/, “Алдарт туульч М.Парчины туульс” /2006/, “Нэрт туульч С.Чойсүрэнгийн туульс” /2010/ зэрэг 40 гаруй ном, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн тууль судлалын хүндтэй эрдэмтэн юм.




 

Холбоотой мэдээ