“Apple”-н дэлгүүрээр амны хаалтгүй үйлчлүүлэхийг зөвшөөрнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-14 14:30:06

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. “Apple” компани коронавирусний цар тахлын улмаас салбар дэлгүүрүүддээ тогтоосон амны хаалт заавал зүүх шаардлагаа ирэх долоо хоногоос сулруулна.


Эх сурвалжийн мэдээлснээр, вакцинд хамрагдсан иргэд “Apple”-н худалдааны цэгүүдээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх шаардлагагүй аж. Үүнээс гадна компанийн ажилтнууд вакцинжуулалтад хамрагдсаныг нотлох баримтаа үзүүлэхийг үйлчлүүлэгчдээс шаардахгүй. Мягмар гаргаас хэрэгжих төлөвтэй байгаа шинэ дүрэм журмын талаар компанийн төлөөлөгчид арилжааны түншүүддээ мэдээлэл өгчээ.


“Apple” дэлгүүрийн ажилтнуудын хувьд амны хаалтаа зүүсэн хэвээр байх юм. Гэсэн ч тус компанийн Калифорни муж улсын Купертино хот дахь зарим салбар албан байгууллагад энэ шаардлага цаашид хэрэгжихгүй аж.


Цар тахлын улмаас худалдааны цэгүүдээ хааж, ажилтнуудаа алсын зайн горимд шилжүүлэн ажиллуулах тухайгаа мэдэгдсэн Америкийн анхны компаниудын нэг нь “Apple” байсан юм. Компанийг ажилтнууд 9 дүгээр сараас ажлын байран дээрээ ирж ажиллах аж. 

Холбоотой мэдээ