Ой, хээрийн болон өнжмөл өвсний түймэр 44,7 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-14 17:56:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэх, хяналт шалгалт хийх явцад гал түймэр гарч болзошгүй 152 зөрчил илрүүлж, газар дээр нь арга хэмжээ авсан байна.


Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 6-наас хоёр сарын хугацаанд зохион байгуулж, давхардсан тоогоор хөдөлгөөнт эргүүлд нийт 12 213 алба хаагч, 4 603 автомашин техник хэрэгслийг дайчлан ажилласан байна.  Энэ үеэр нийслэлийн ногоон бүсэд зөрчил гаргасан 15 иргэнийг 1.5 сая төгрөгөөр торгожээ.


Нийслэлийн ногоон бүсэд зорчсон 12 607 автомашин, 41 287 иргэнд сэрэмжлүүлэг хүргэн явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гарын авлага, санамж сэрэмжлүүлгийн материалыг 2 800 ширхэгийг тарааж, ойн санд ойрхон амьдардаг 1 000 айл өрхөөр гал түймэр гаргахгүй байх талаар баталгаа гаргуулсан байна.


Нийслэлийн нутаг дэвсгэрт 152 удаагийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд ил задгай гал түлсэн, хог хаягдал, өнжмөл өвс шатаасан, гагнуур хийхдээ аюулгүй ажиллагааг хангаагүй, татсан тамхи, чүдэнз, асаасан түүдэг галын үнс нурмаа бүрэн гүйцэд унтраагаагүй зэрэг зөрчлийн улмаас гал түймэр гарсан байна.


Эргүүл хийх явцад зөрчлийн 42.1 хувийг илрүүлж, иргэд, олон нийтэд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажилласан нь өнжмөл өвсний гал түймрийн тоо буурах нэг үндсэн үзүүлэлттэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 123 нэгж буюу 44.7 хувиар буурсан байна.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ