Тусгай зөвшөөрлийг цахимжуулах бэлтгэл ажил 90 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-17 15:07:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг долдугаар сарын нэгнээс цахимаар олгоно.


Иймд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэн өнөөдөр ажлын хэсгийнхэнтэй уулзан, цахимжуулах бэлтгэлтэй танилцахад барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг гүйцэтгэл 90 хувьтай байв.


Мөн Улсын бүртгэл мэдээллийн сангаас шүүлгээд , салбарын мэдээллийн санд мэдээллээ үүсгэсэн 7060 аж ахуйн нэгж байгууллага, 4265 мэргэшлийн зэрэгтэй зөвлөх,  мэргэшсэн зэрэгтэй инженер, техникийн ажилтан, 36302 инженер, 20345 мэргэжилтэй ажилтны мэдээлэл бүрэн байршжээ.


Б.Мөнхбаатар сайд цахимжуулахтай холбоотой программ хангамж, техникт саатал гарах эрсдэлийг тооцож, бэлтгэлээ бүрэн хангахад анхаарах чиглэлийг ажлын хэсгийнхэнд өглөө.   


Ажлын хэсэг нь “Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн сан”-ийн цахим системийг хөгжүүлэх ажлын хүрээнд барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн мэдээллийн сангуудыг нэгтгэх, хоорондын уялдаа холбоог хангах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны саналыг боловсруулах үүрэгтэй. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци төрийн бус байгууллагын төлөөлөл багтаж байгаа юм.  

Холбоотой мэдээ