Бөхөнтэй нутгийн булгийн эхийг хамгаалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас бөхөнтэй нутгийн булгийн эхийг хамгаалах ажлыг санаачлан хийж байна.
Тодруулбал, аймгийн 2021 оны
хөгжлийн төлөвлөгөө, Завхан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд
тусгагдсан зорилтын хүрээнд Завхан сумын Хармагт багийн Цагаан чулуутын булгийн
эхийг хашиж хамгаалах ажлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд хийжээ.
Цагаан чулуутын
булаг нь Завхан суманд сэргэн нутагшсан монгол бөхөнгийн эзэмшил нутаг бөгөөд
өвөл хөлддөггүй, тухайн орчны цэвэр усны эх үүсвэр болдог онцлогтой аж. Иймээс
тус булгийн эхийг тойруулан 0,3 га талбайг хамарсан, 209 метр хашаа барьж,
эхийг хамгаалтад авчээ. Уг булгийн эхийг хамгаалахад Дэлхийн байгаль хамгаалах
сан (WWF) -гийн Алтай соёны бүс, Завхан сумын ЗДТГ хамтран ажилласан байна.