Х.Бауыржан: Манай улсын импортын газрын тосны бүтээгдэхүүний 10 хувийг Цагааннуур боомтоор татсан

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-19 15:00:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур боомтын үйл ажиллагааны талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Х.Бауыржантай ярилцлаа.

Цагааннуур боомтын өнгөрсөн хагас жилийн үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?

- Тус боомтоор эхний хагас жилийн байдлаар 31269 тонн буюу 862800 ширхэг амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, боловсруулсан хүнс, газрын тосны бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа импортолсон. Үүнээс газрын тосны бүтээгдэхүүн 28410 тонн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын импортын газрын тосны бүтээгдэхүүний 10 гаруй хувийг Цагааннуур боомтоор татан авсан гэсэн үг. Баруун аймгуудын хэрэгцээг бүрэн хангаж байгаа.  Түүнчлэн, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой орон нутгийн удирдлагаас хүсэлт тавьсны дагуу Засгийн газар гуравдугаар сарын 11-ний өдрөөс тус боомтоор малын тэжээл импортлохыг зөвшөөрсөн. Тухайн өдрөөс өнөөдрийг хүртэл 2320 тонн малын тэжээл импортолсон байна. Харин 5 дугаар сарын 10-аас хойш бусад бараа бүтээгдэхүүнийг боомтоор чөлөөтэй нэвтрүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тус шийдвэрийн хүрээнд 180 тонн цагаан будаа, 22 тонн элсэн чихэр, 431 тонн хүнс, жимс, хүнсний ногоо 123 тонн, хүнсний өндөг 814,4 мянган ширхэг, 43 тонн сав суулга зэргийг импортлоод байна. Засгийн газрын 2021 оны 155 дугаар тогтоолоор энэ сарын 2-ны өдрөөс эхлэн хилийн Цагааннуур боомтын гарагийн зохицуулалтыг цуцалж, байнгын ажиллагаанд шилжүүлээд байна.

Тухайн хугацаанд экспортод бүтээгдэхүүн гаргасан уу?  

- Оросын Холбооны Улс руу нэг аж ахуйн нэгжийн 12,5 тонн хонины самнасан ноос, 7,3 тонн хонины сэв хялгас экспортолсон.

Цагааннуур боомтын үйл ажиллагааг өргөжүүлсэн нь бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэд яаж нөлөөлсөн бол?

- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд эерэгээр нөлөөлж эхэлж байна. Өмнө нь хүнсний өндөгний үнэ 800-850 төгрөг байсан бол одоо 350 төгрөг хүртэл, 50 кг цагаан будаа 70 мянгаас 48 мянган төгрөг, 40 кг малын тэжээлийн бөөний үнэ 45 мянгаас 35 мянган төгрөг хүртэл буурсан.  Зарим бараа бүтээгдэхүүний үнэ хараахан буугаагүй ч тогтворжсон, жимс, хүнсний ногооны чанар сайжирсан байна.

Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж байгаа вэ?

- Боомт дээр эрүүл мэндийн тандалт судалгаа хийж, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиж ажиллаж байгаа. Бараа бүтээгдэхүүнийг хилийн боомт дээр шилжүүлэн ачих ажлыг хил, хяналтын байгууллагууд зохион байгуулж байна. Ажлын ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байгаа. Гадаадаас орж ирж буй жолооч нарын 72 цагийн дотор хийлгэсэн PCR-ын шинжилгээ, 48 цагийн дотор хийсэн түргэвчилсэн оношлуурын шинжилгээний сөрөг хариуг шалгаад, хилээр нэвтрүүлж байна.

Одоо ОХУ-ын талаас тогтмол ачаа тээвэр хийж байгаа хэдэн жолооч байгаа вэ?

- Тогтмол тээвэр хийж байгаа жолооч нарын ихэнх нь газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүдийн жолооч нар байгаа. Нийтдээ ОХУ-ын 45 жолооч Монгол Улс руу байнга тээвэрлэлт хийдэг. Үүнээс 9 жолооч одоохондоо коронавирусний халдварын эсрэг вакцин хийлгээгүй. Эдгээр жолооч нарыг PCR-ын шинжилгээний сөрөг хариуг үндэслээд улсын хилээр нэвтрүүлж байна.  Мөн 5 жолооч вакцины эхний тунг хийлгэсэн, бусад нь дархлаажуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс байгаа.

-  Цагааннуур боомтоор ачаа тээврийг чөлөөтэй нэвтрүүлж эхэллээ. Одоо иргэдийн зорчих хөдөлгөөнийг хэзээ нээх бол гэсэн хүлээлт байна.

- Засгийн газрын дээр дурдсан 155 дугаар тогтоолоор агаарын тээврийн Чингис хаан боомт, авто замын Замын-Үүд, Алтанбулаг боомтын зорчигчийн хөдөлгөөнийг нээсэн байгаа. Бусад боомтуудын хувьд зорчигчдын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 30-ны хүртэл түр хязгаарласан хязгаарлалтыг сунгасан. Хэрвээ энэ сарын 30-наас зорчигчдын хөдөлгөөнийг нээсэн тохиолдолд Цагааннуур боомтоор зорчигчдыг авах бүрэн боломжтой.   

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ