Дэлхийн тэмээний өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-06-22 13:25:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийд нэг бөхтэй, хос бөхтэй гэсэн хоёр төрлийн тэмээ бий. Дэлхийн нийт тэмээний 90 хувийг Наран бөхт буюу ганц бөхт тэмээ 9,6 хувийг хос бөхт тэмээ эзэлдэг. Хятадын хойд говь, Монгол, Халимаг, Казах, Киргиз зэрэг улсад хоёр бөхт тэмээг үржүүлдэг байна.

Дэлхийд ховордсон хос бөхтэй тэмээний удмын үндсэн санг хадгалан үлдсэн цөөн орны нэг нь Монгол Улс юм. Хоёр бөхт тэмээг хайрлан хамгаалж өсгөн үржүүлэх нь зөвхөн манай улсын төдийгүй дэлхий дахины өмнө хүлээх нэг ёсны үүрэг хариуцлага болоод байгаа юм. 

Тэмээг 5000 гаруй жилийн өмнөөс гаршуулан эдлэг хэрэглээнд хэрэглэж байгааг эрдэмтэд тогтоосон байдаг. Тийм ч учраас Хүннү гүрэн болоод Монгол Улс байгуулагдахад тэмээг түлхүү хэрэглэж, уналга, ачлага, алсын нүүдэлд ашиглаж байсан түүх бий. 


Манай эриний өмнөх 1200-1700 жилийн тэртээгээс эхлэн Төв Азид хос бөхт тэмээн гөрөөс амьдарч байсан бөгөөд одоо ч манай улсын Алтайн цаад говьд зэрлэг тэмээ /хавтгай/ амьдарч байна. Монгол тэмээний онцлог нь говийн бvсэд бусад төрлийн малаас авдаг ноос, мах, сүү, арьс, шир, ажлын чадвар зэргийг ганцаараа төлөөлөн өгч чаддагт оршино.

Манай улсын өргөн уудам нутаг дэвсгэрийн 41.7 хувийг эзэлдэг говийн бүсэд нийт тэмээний 70 шахам хувь нь нутагшдаг. Монгол тэмээний тоо 1954 онд хамгийн олон 895.3 мянгад хvрч байсан бол 2014 оны эцсийн байдлаар 350 мянга байв. 2019 оны байдлаар Монгол Улсын малын тоо 70.9 саяд хүрсэн. Үүний 45,5 хувийг хонь, 41,2 хувийг ямаа, 6,2 хувийг үхэр, 5,9 хувийг адуу бүрдүүлж байсан бол тэмээн сүрэг ердөө 0,7 хувийг эзэлж байлаа. 




2020 оны мал тооллогын дүнгээр 67.1 сая толгой мал тоолсноос манай улс 472.9 мянган тэмээтэй байна. Тэмээний тоогоор Өмнөговь аймаг тэргүүлж, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Дундговь аймаг удаалж байна. Монгол үүлдрийн тэмээний дотор аж ахуй биологийн онцлог ялгаа бүхий Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омог болон “Төхөм тунгалаг” үржлийн хэсгийн тэмээ бий.


Холбоотой мэдээ