Нэг сая дахь илгээмжийн эзэн Увсаас тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Монгол Шуудан” ХК-ийн дотоодын илгээмжийн
нэг сая дахь үйлчлүүлэгч Увс аймгаас тодорлоо. Тэрбээр Увс аймгийн Улаангом
сумын 3-р багийн иргэн, “Дэглий цагаан” нисэх буудлын ажилтан С.Бямбасүрэн гэх
залуу бөгөөд түүнд Эрдэнэт хотоос дотоодын илгээмж иржээ.
Дотоодын илгээмжийн нэг сая дахь үйлчлүүлэгч иргэнд “Монгол
шуудан” ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал С.Бямбабаатар өнөөдөр дурсгалын
зүйл гардуулан өглөө. Энэхүү дурсгалын зүйл нь 2020 онд “Монгол шуудан” ХК-аас худалдаанд
гаргасан Монгол Улсад ашиглаж байсан маркийн цуглуулга аж.
Ийнхүү “Монгол шуудан” ХК-ийн 100 жилийн ойн босгон дээр
дотоодын илгээмжийн нэг сая дахь үйлчлүүлэгч орон нутгаас Увс аймагт тодорсон
байна.