Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-06-25 14:36:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол Төрийн ордон болж, шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувиар зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэн цэргийн бие бүрэлдэхүүнийг амрыг эрж, үг хэлэхдээ, "Монгол Улсын түүхий бүхий л үед Монгол цэрэг эх орон, ард түмнийхээ нөмөг түшиг нь байж, төр улсынхаа тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, ард түмнийхээ амар амгалан байдлын баталгаа, мандан бадрахын билэг тэмдэг болж ирсэн түүхтэй билээ. Миний амьдралын бүхий цаг үе цэрэг, арми, төрийн цэргийн байгууллагуудтай холбоотой явж ирсэн. Би зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудынхаа ололт амжилтаар бахархаж, алдаа оноонд нь санаа зовж явдаг хүмүүсийн нэг. 






Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, төрийн цэргийн байгууллагын нэгдмэл байдлыг хангах, батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, зэвсэгт хүчнийг мэргэшсэн, чадварлаг болгон хөгжүүлэх, цэрэг дайчдыг энхийг сахиулах болон улс орны стратегийн бүтээн байгуулалтад оролцуулах, хил хамгаалалтыг бэхжүүлэх, цэргийн цолны үнэлэмж, зохист харилцааг бий болгох, зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад та бүхэнтэйгээ хамтран зүтгэх болно" гэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр, Монгол цэрэг дэлхийн цэрэг болж чадсаныг хэлсэн үгэндээ онцолсон юм. 




Ёслолын өмнө Д.Сүхбатарын талбайд төрийн далбаа мандуулсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.






Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Төв талбайд цэргийн жагсаалыг зохион байгуулсан ёслол хүндэтгэлд Улаанбаатар хотын цэргийн хүрээний нэгтгэл анги салбарын цэргийн бие бүрэлдэхүүн алба хаагчид эгнэн жагсаж, оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч тул тангараг өргөсний дараагаар Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагууд ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж,  алба хаагчид “Ура” цуурайтуулж, ёслолын буудлага хийв. 




Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрийн цэргийн жагсаалыг цуцалсан боловч УИХ-аас баталсан тогтоол болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх журамд заасны дагуу хүндэт харуулууд ёслолын ажиллагаанд оролцсон юм. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангарах өргөх ёслолд коронавиурсний халдварын цар тахалтай холбогдуулан цэргийн парад, урлагийн тоглолт зохион байгуулаагүй юм. 






Гэрэл зургийг Т.Чимгээ. Н.Батбаяр


Холбоотой мэдээ