Нэгдсэн эмнэлэгт ходоод, улаан хоолойн уян дурангийн аппарат нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-30 16:52:00

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн зардлаасаа Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа ходоод, улаан хоолойн уян дурангийн аппаратыг авч өглөө.

"Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ходоод, улаан хоолойн уян дурангийн аппарат эвдэрч ажиллахаа больсон тул энэ төрлийн оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэд Улаанбаатар хотыг зорьж 3 дахь шатлалын эмнэлэгт үзүүлэх нөхцөл, байдал үүсээд байсан юм. Иймээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн тойрогтоо зарцуулах зардлаасаа татгалзан аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа ходоод, улаан хоолойн уян дурангийн аппаратыг авахад дэмжлэг үзүүлж байна.

Энэ хүрээнд FUJIFILM корпарацийн Монгол дахь онцгой эрхт төлөөлөгч “СИ-АЙ-ТИ” ХХК-иас ходоод, улаан хоолойн уян дурангийн аппаратыг өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө. Уг аппаратын тусламжтайгаар ходоод, улаан хоолойн хавдар болон түүний эрсдэлт хүчин зүйл, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд олон талын ач холбогдолтой болж байна" хэмээн аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд хэллээ.

  Увс аймгийнхаа ард иргэдийн эрүүл, энхийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан нийт төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага энэ үеэр баярласнаа илэрхийлсэн юм.  

Увс аймагт ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөл сүүлийн таван жилд тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 2016 онд 74, 2017 онд 81, 2018 онд 87, 2019 онд 118, 2020 онд 124 бүртгэгджээ.

 

Холбоотой мэдээ