Коронавируст халдварын 26 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-07-01 12:55:46

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Дорнод аймгийн хэмжээнд коронавируст халдварын 26 тохиолдол бүртгэгдэж, нийт 646 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудын 21 нь Хэрлэн суманд, хоёр нь Цагаан-Овоод илэрсэн бол Чулуунхороотод хоёр тохиолдол гарч, шинэ голомт үүссэн байна.

Чулуунхороот суманд илэрсэн тохиолдлуудын хувьд халдвартай бүсээс ирээд гэрийн тусгаарлалтад байсан аж. Цагаан-Овоо дахь хоёр тохиолдол нь ойрын хавьтлаар гэртээ тусгаарлагдаж байсан иргэд бол Хэрлэн суманд илэрсэн тохиолдлуудын хувьд ойрын хавьтлаар 13 хүн шинжилгээ өгч илэрсэн, шинж тэмдгийн дуудлагаас найм илэрснийг анхаарууллаа. 

Түүнчлэн сүүлийн нэг хоногт 23 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын 973 иргэнийг гэрт нь, дам хавьтлын 1155 иргэнийг тандалтын шинжилгээнд хамруулж, 14 объектод голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийжээ. 


Холбоотой мэдээ