Халдварын тархалт нэмэгдсээр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-07-02 21:36:01

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн 19 сумын 17-д нь коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Энэ талаар зарим сумдтай холбогдож дараах мэдээллийг авлаа.

                                     

Малчин суманд халдварын тоо 153 боллоо  

Энэ сарын 2-ны өдрийн байдлаар Малчин суманд коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 153 болоод байна. Үүнээс 40 иргэн эдгэрсэн бол 57 иргэн сумын болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Харин үлдсэн нь гэрийн эмчилгээнд хамрагдаж байгаа аж. Тус суманд Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж халдварын анхны тохиолдол илэрснээс хойш сумын төв, хөдөөд тархалт хүрээгээ тэлсэн байна. Харин халдварыг хумих, тандалтын ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор хатуу хөл хорио тогтоосноор хавьтлуудыг тодорхой болгожээ. Мөн сумын Эрүүл мэндийн төв халдварын голомт болсон тул дотуур байр, цэцэрлэгийн байрыг тусгаарлалт, эмчилгээний зориулалтаар ашиглаж байна.

                                         

Өмнөговь сумын Улиастай багт 24 цагийн пост ажиллаж байна

Өмнөговь суманд коронавирусний халдварын 39 тохиолдол бүртгэгдээд байна. Халдвартай иргэдийн 19 нь эдгэрсэн бол одоогоор сум болон аймгийн төвд 18 хүн эмчилгээ хийлгэж байна. Тус суманд халдварын анхны тохиолдол илэрснээс хойш нийт 374 сорьцыг шинжилгээнд хамруулсан. Мөн голомтот газруудын 1200 м2 талбайг ариутгалд хамруулах зэргээр урьдчилан сэргийлэх, тандалтын ажлыг зохион байгуулж байна.

Иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ, халдвар хамгааллын зөвлөгөөг өгч байна. Халдварын хоёр голомтыг тогтоосон бол нэг халдварын эх үүсвэр тодорхойгүй байгаа учир тандалтын ажил хийж байна. Цар тахалтай холбоотой 5 постод төрийн албан хаагчид эргүүл хийсэн бол одоогоор Улиастай багт 24 цагийн пост ажиллуулан, багийн иргэд өөрсдөө эргүүлд гарч байна. Өмнөговь сумын хэмжээнд 2736 иргэн вакцинд хамрагдахаас тус ажил 87 хувьтай үргэлжилж байна.

                                 

Зүүнхангай суманд халдварын 2 голомтод тандалт хийж байна

Зүүнхангай суманд 6-р сарын 23-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо 7-р сарын 2-ны байдлаар 20 боллоо. Тодруулбал Улаанбаатар хотоос ирсэн иргэний ойрын хавьтал буюу нэг гэрт хамт байсан 4 хүнээс халдвар илэрч, урьдчилсан байдлаар 28 хүнийг хавьтагчаар тогтоон, тандалтын ажлыг хийжээ. Дахин халдварын хоёр дахь голомт үүссэн тул тандалтын ажил үргэлжилж байна. Сүүлийн тохиолдлуудын хувьд Улаанбаатар хотод хүүхдээ төрүүлсэн тус сумын иргэнээс халдвар илэрсэн зэрэг халдварын голомтууд зөөвөрлөгджээ. Зүүнхангай сумын иргэдийн 92,8 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа аж.

                                                             

Зүүнговь суманд халдвар намжлаа

Зүүнговь сум нь халдваргүй ногоон бүсээр удаан хугацаанд байсан. Харин 6-р сарын сүүлээр зөөвөрлөгдөх замаар халдварын 2 тохиолдол илэрчээ. Одоогоор нэмж нэг халдвар бүртгэгдсэн. Сумын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Халдвар авсан хоёр иргэний хувьд Улаанбаатар хот болон Хөвсгөл аймаг руу хувийн хэрэгцээний ажлаар явсан ба сумандаа ирээд халдвартай нь тогтоогджээ. Сумын хэмжээнд вакцины 1, 2-р тунд иргэдийн хамрагдалт 96 хувьтай байна. 

                                                                 

Сагилд халдварын тоо 37 боллоо

Сагил суманд коронавирусний халдварын 37 тохиолдол бүртгэгдээд байна. Ихэнх суманд халдвар зөвөрлөгдөх замаар бүртгэгдэж байгаа юм. Сагил сумын хувьд Улаанбаатар хотоос ирсэн нэг гэр бүлийн 4 хүнээс халдвар илэрсэн. Мөн Улаанбаатар хотоос ирээд Хархираа, Түргэний уулсаар уулын аялал хийж байсан уулчдаас илэрсэн. Халдварын голомтуудад шуурхай тандалтын ажлыг хийснээр ойрын өдрүүдэд нэмж халдвар илрээгүй байна. 

Сумын хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, төрийн байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сахих, тандалт судалгааны ажил хийж байна.


Холбоотой мэдээ