“Газраа алдвал бүхнийг алдана” үзэсгэлэнг хүчээр зогсоохыг оролджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-06-27 12:25:00

“Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-аас гаргаж буй “Газраа алдвал бүхнийг алдана” үзэсгэлэнг хүчээр зогсоохыг оролдож, зохион байгуулагчдын биед халдах тохиолдол гарсан талаар өнөөдөр тус байгууллагаас мэдээлэв.

2012 оноос өмнө хууль бусаар олгосон газрыг авсан эзэн, олгосон албан тушаалтны гарын үсэгтэй нь дэлгэсэн уг үзэсгэлэн энэ сарын 21-27-нд Чингис хааны талбайд нийтийн хүртээл болж байна. Энэ хугацаанд 500 гаруй иргэн газрын маргаантай холбоотой бичиг баримт ирүүлж, зөвлөгөө авчээ. Мөн үеэр иргэд үзэсгэлэнгээ нийслэлийн 9 дүүрэгт гаргах хүсэлт тавьсны дагуу Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд энэ сарын 26-нд олны хүртээл болгохоор ЗДТГ-аас зөвшөөрөл авчээ. Гэтэл үзэсгэлэнгээ нээх өдөр нь тус дүүргийн 3 хороо буюу НИТХ-ын 18 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Сандуйн Сонгуулийн штабд ажиллаж буй н.Бямбацогт тэргүүтэй бүлэг хүмүүс ирж зохион байгуулагчдыг “Цагдаагийн зөвшөөрөл аваагүй” гэсэн үндэслэлээр дайрч, доромжлон биед нь халджээ. Тиймээс үзэсгэлэнг зохион байгуулагчид хуулийн байгууллагад гомдол гаргажээ. 

Хэрэв үзэсгэлэнг зохион байгуулагчид болон тэдний гэр бүл, үр хүүхэд гэмт халдлагад өртвөл Ц.Сандуйтай холбоотой гэж үзэх болно хэмээн “Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэг хэллээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ