Найруулагч Б.Баатарыг саатуулаагүй гэдгээ ЦЕГ-аас мэдэгдлээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-06-27 12:29:11

“Hero” энтертаймэнт студийн байранд  энэ сарын 24-ний 20.00 цагт Цагдаа нар нэгжлэг хийж, байрыг нь битүүмжилсэн. Мөн захирал Б.Баатараас байцаалт авахаар шөнийн 04.00 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст дуудсан. Гэвч Б.Баатар одоо болтол сураггүй болчихлоо"” гэж өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээллийн хариуг ЦЕГ-аас бас албан ёсоор өгөв.

Нийслэлийн  Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар хийсэн мэдээлэлдээ, "МАН-аас УИХ-д нэр дэвшигч Л.Элдэв-Очир гомдол гаргасны дагуу прокурорын зөвшөөрөл авч Б.Баатараас тодруулга авахаар “Hero” энтертаймэнтийн студид тус хэлтсийн хошуучаар ахлуулсан хэсэг очсон. Гэвч Б.Баатар Би Баянхонгорт явж байна" гэх тайлбарыг утсаар  хэлсэн. Тухайн үед студид байсан н.Мөнх-Очир, н.Лхагвасүрэн нарыг байлцуулан цагдаагийнхан шалгалт хийх гэсэн боловч шөнийн 01 цагийн үед гэнэтхэн Б.Баатар өөрөө орж ирсэн. Шөнийн 01.00 цагийн орчимд Баянхонгороос ирсэн  Б.Баатар студээ шалгуулахгүй гэсэн боловч бидний зүгээс аль нэг өрөөнд албадаж ороогүй. Тусгай кодтой хаалга руу орох боломж ч байгаагүй. Ингээд шөнийн 02.00 цагийн орчимд студиэс явахдаа цагдаагийн хоёр албан хаагчийг урьдчилан сэргийлэх зорилгоор студид үлдээсэн. Дараа нь Б.Баатар өмгөөлөгчийнхөө хамтаар тайлбар өгье гэж хошууч н.Солонго руу утсаар залгасан. Гэвч одоог хүртэл тэрбээр ирж тайлбар өгөөгүй байна. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс Б.Баатарыг баривчлаагүй, байцаагаагүй, ажлын байранд ч нэгжлэгэ хийх гэж албадаагүй” гэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ