Төрийн албан хаагчдыг хамгаалахад хатуу байр суурь барихаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-06-27 15:49:47

Төрийн албан хаагчдыг халж, наймаалцах тухай яригдсан мэдээлэл олон нийтийн дунд тараад байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэгдэлд "УИХ-ын ээлжит сонгууль болох хугацаа тулсан энэ өдрүүдэд Төрийн албатай холбогдсон аудио бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж, олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Энэхүү мэдээллийг Монгол Улсын төрийн албанд зүтгэж байгаа олон зуун мянган албан хаагчид эмзэглэн хүлээн авч, санаа зовж байгаагаа Төрийн албаны зөвлөлд хандаж илэрхийлэх боллоо.

Төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлэх, төрийн албыг улс төржүүлэх, төрийн албан хаагчдыг авлигын сүлжээнд татан оруулах, тэдний ажлын байрны баталгааг алдагдуудах аливаа үзэгдэлтэй тууштай тэмцэж, олон мянган төрийн албан хаагчдынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалж, тэдгээрийг тогтвор суурьшилтай байлгах талаар хатуу байр суурьтай ажиллах болно гэдгээ Төрийн албаны зөвлөл албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

Мөн энэхүү асуудал нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн даруй батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг дахин нотлон харуулж байна гэж мэдэгдэлд дурджээ. 

Н.Туяа

 

 

Холбоотой мэдээ