Их Британид коронавирусний халдварын тохиолдол нэмэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-07-15 11:02:03

ЛОНДОН. /Skynews/. Их Британид нэг өдрийн дотор коронавирусний халдварын 42 300 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Засгийн газрын цахим хуудсанд лхагва гарагт нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ.


Их Британид коронавирусний халдварын тохиолдол найман өдөр дараалан 30 мянгаас давсан байна. Албан ёсны статистик мэдээгээр нэг өдөрт 49 хүн нас баржээ. Сүүлийн 28 хоногт өдөрт 50 орчим нас баралт бүртгэгдсэн байна.


Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь "Дельта" хувилбар тархсантай холбоотой юм. Халдварын шинэ тохиолдлын бараг 100 хувийг энэ хувилбар эзэлж байгаа аж.


Вакцинжуулалтын үйл явц Их Британид үргэлжилж байна. Одоогийн байдлаар тус улсын насанд хүрсэн хүн амын 87.3 хувь буюу 46 сая орчим хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 35 сая орчим хүн буюу насанд хүрсэн хүн амын 66.4 хувь нь хоёр тунд бүрэн хамрагджээ.


Холбоотой мэдээ