Дарханы наадам ирэх сарын 18-20-ны өдрүүдэд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-28 01:27:03

Дархан-Уул аймаг энэ жил улсынхаа баяр наадмыг ирэх сарын 18-20-ны өдрүүдэд хийнэ. Аймгийн  наадмын тов, Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын хараа, шагайн харвааг зохион байгуулах салбар хороо болон баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгүүдийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.

Монгол наадмын гол чимэг болсон бөхийн барилдааны салбар хорооны даргаар аймгийн Биеийн тамир, Спортын газрын дарга Н.Батлав, Хурдан морин уралдааны салбар хорооны даргаар ДДЦС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Нямдаваа, нар ажиллахаар болжээ. Гишүүдэд Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтэс, “Бурхантын хурд”, “Дархан ажнай” зэрэг морин спорт, уяачдын холбоод багтсан байна. Харин үндэсний сурын харвааны салбар хорооны даргаар аймгийн Онцгой Байдлын газрын дарга Г.Батбаяр, Шагайн харвааны салбар хорооны даргаар аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн дарга Л.Эрдэнэбилэг нар ажиллах юм. Энэ жилийн хувьд Дархан хот байгуулагдсаны 55 жилийн түүхэн тэгш ой тохиож байгаа учраас баяр наадмыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Баяр наадмын тохижилт, реклам чимэглэлийн ажлын хэсгийг Захирагчийн алба, Худалдаа, үйлчилгээний ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын газар, Хэв журам сахиулах ажлын хэсгийг аймгийн Цагдаагийн газар тус тус хариуцан ажиллах бол Ёслол хүндэтгэл, баяр наадмын нээлт, хаалт, урлаг спортын ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар ахалж ажиллахаар болж салбар комисс анханы нэгдсэн хурлаа хийж төсөв, төлөвлөгөөгөө хэлэлцсэн байна. 

                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ