“Бид мартахгүй” хөшөөний нээлт, цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-20 13:00:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх “Бид мартахгүй” хөшөөний нээлт, цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.


Арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, “Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.


Энэхүү хөшөө нь улс эх орон, ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө “шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэнэ” хэмээн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, баатарлагаар амь эрсэдсэн эгэл баатруудынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор бүтээгдсэн билээ.


Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өөрийн сэтгэл зүрхээ зориулан, албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар алтан амиа өргөсөн 39, төр, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө өөрийн амь насаа зориулан 71 алба хаагч байна.




“Бид мартахгүй” хөшөөг бүтээхэд өөрийн мэдлэг, ур ухаан, авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ харамгүй зориулсан Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач, барималч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ж.Дүүрэнтөгс болон бусад урчуудынхаа цаашдынх нь уран бүтээл, ажил үйлсэд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.


Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн эгэл баатруудаа үүрд дурсан санах болно гэдгээ та бүхэнд илэрхийлье.

Тангаргийн хуудсанд гарын чинь үсэг тод

Та нарын мөр жагсаал дундаа мөнх” хэмээв.


Ёсолж буй цагдаагийн алба хаагчийн дүрсийг 3 давхар болгож харагдуулснаар “Тэр” гэсэн санааг “Тэд” гэсэн илэрхийлэл болгосон байна. Мөн түмэн олныхоо амар тайван амьдралын төлөө алтан амиа өргөсөн эгэл баатруудынхаа үйлсийг үргэлжлүүлэх үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлэх, эх орныхоо гал цогтой ирээдүй болон хүмүүжихээ илэрхийлэн зогсож байгаа утга санааг 2 хүүхдийн дүрслэл илэрхийлж байгаа юм.

 

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо төлөө алтан амиа өргөж сэтгэлд мөнхөрсөн эрсийнхээ гэгээн дурсгалыг нэхэн санаж, хүндэтгэн мөргөе.



Холбоотой мэдээ