Тариан талбайд ургамлын өвчин, хортон гарч ургацад нөлөөлж болзошгүй байна

Монголын мэдээ | Байгаль орчин
uransolongo49@gmail.com
2021-07-22 14:44:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн тариалангийн талбайд ургамал ургалтын хугацааны хяналтыг хийсэн. Хяналт ажиглалтаар тариалангийн талбайд ургамлын өвчин, хортон шавж ихээр гарах нөхцөл бүрдэхээр байна.


Тухайлбал, навчны септориоз (Septoria tritici), зэв (Puccinia sp) өвчин ихэнх талбайн буудайнд гарсан байв. Мөн ургамлын бясаа, нугын бор эрвээхий (хөнөөл учруулдаг хөгжлийн шат нь авгалдай нь юм), цацаг далавчтан/трипс зэрэг шавжийн хөнөөл учруулалт эхэлсэн байна.


Иймд тариаланчид ургацаа хамгаалахдаа анхаарч талбайн зах хэсэгт болон гүнд ажиглалт хийж өвчин болоод хортон шавжийн тархалтын байдалд анхаарах шаардлагатай байна. Буудайн навчны зэв болон септориоз өвчний үед тохирсон фунгицидийг нэн яаралтай хэрэглэх хэрэгтэй. Таримлаа өвчин болон шавжид нэрвэгдсэн эсэхийг сайн мэдэхгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай хандаж арга хэмжээг авах нь зүйтэй.


Энэ жил хур бороотой жил хэдий ч тариалалтын технологи алдагдвал төлөвлөсөн ургацаа авч чадахгүйд хүрнэ. Иймд хэтэрхий оройтойгүй дээрээ ургамал хамгааллын бодис /фунгицид, инстекцид/-ыг зохих тунгаар зааврын дагуу хэрэглэх ба 2021 онд газар тариалангийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн Байгаль орчин, аялал жуулчлал, ХХААХҮйлдвэр, Эрүүл мэндийн сайд нарын баталсан жагсаалтад орсон бодис хэрэглэхийг зөвлөж байна. 




Мөн зарим тариалангийн талбайн ургамал хаврын сүүлчийн гэнэтийн хүйтрэл, өдөр шөнийн температурын хэлбэлзэл, халалт гэх мэт хүчин зүйлд өртсөнөөс цочролд орсон нь ажиглагдсан. Иймд бас ургамлыг сэргээх, цочролоос гаргахын тулд бордоо (гумины хүчилд суурилсан бордоо болох үр тариа, тосны ургамалд зориулагдсан гумат +7 ба бусад бордоонууд)-г навчаар нь өгөх. Намар, хавар хөрсөнд болон тарилтын үед үртэй хамт эрдэс бордоо (нийлмэл эрдэс бордоо, чёрный жемчуг ба бусад) хэрэглэх нь чухал байна.


Тариа ихээр өвчилсөн тохиолдолд хоосон түрүү үүсэх, зарим ургамал үхэх ба ургацын алдагдал 30-40%-д хүрнэ. Харин өвчин хожуу илэрсэн тохиолдолд ургацын алдагдал 5-7% -иас ихгүй байдаг. 


Иймд тариаланчид та бүхэн дээрх нөхцөл байдалд онцгой анхаарч чанартай арвин ургац авахын төлөө хариуцлагатай байхыг МХБ-аас зөвлөж байна.

Холбоотой мэдээ