Улаанбаатар-Дарханы автозамд Монголын 6, Хятадын 5 компани ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дарханы чиглэлийн нийт 204.11 км автозамын өргөтгөл, шинэчлэлээс 7 дугаар сарын 15-нд эхний 130 км замыг бүрэн хатуу хучилттай болгон зорчих хөдөлгөөнийг нээгээд байна.
Багц-1 буюу баруун аймгууд руу салах тойрог уулзвараас Хар модотын даваа хүртэлх 37.26 км замын барилгын ажил 7 дугаар сарын 8-ны байдлаар 85.43 хувийн гүйцэтгэлтэй байв. Гүйцэтгэгчээр Монголын "Арж капитал" болон "М-Ойл групп"-ийн түншлэл, туслан гүйцэтгчгээр Монголын "Эсто", "Шилдэг зам" компаниуд ажиллаж байна. Энд мөн БНХАУ-ын "Хэйлон Жиньеи Рөүд энд Бридж" компани ажиллаж байна.
Багц-2 буюу Хар модотын даваанаас Урьхан хүртэлх 45.5 км замын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Жунмэй инженеринг групп", туслан гүйцэтгэгчээр Монголын гүүр ашиглалтын "WXP" ХХК ажиллаж байна.
Багц-3 буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км автозамын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Жунмэй инженеринг групп", туслан гүйцэтгэгчээр Монголын "Энх Төгөл бэх" ХХК ажиллаж, нийт ажлын гүйцэтгэл 90.91 хувьтай байна. Энэ онд нийт ажлын 32.35 хувийг буюу газар шорооны ажил, хиймэл байгууламжийн ажлыг бүрэн дуусгаж, цементээр бэхжүүлсэн суурийн доод үеийг дуусгахаар төлөллөсөн. Энд мөн БНХАУ-ын "Гуйжоу Хайвэй инженеринг групп" компани ажиллаж байна.
Багц-4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км автозамын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Шанхай констракшн групп", туслан гүйцэтгэгчээр Монголын "Төгс зам" ХХК ажиллаж, нийт ажлын гүйцэтгэл 4.28 хувьтай байна. Энэ онд нийт ажлын 35.52 хувь буюу газар шорооны ажил, хиймэл байгууламжийн ажлыг бүрэн дуусгаж, цементээр бэхжүүлсэн суурийн доод үеийн 50 хувийг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Багц-5 буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэл 30.53 км замын ажлын гүйцэтгэл 90.89 хувьтай, энэ онд нийт ажлын 33.12 хувийг хийж бүрэн дуусгаж, цементээр бэхжүүлсэн доод үеийн 50 хувийг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Шанхай констракшн групп" болон "Чайна Жео-инженеринг корпораци" ажиллаж байна.
Автозамын гүйцэтгэлийн хувь болон гүйцэтгэгч компаниуд багц тус бүрд харилцан адилгүй байгаа нь АХБ болон ЕСБХБ-наас хэрэгжүүлж буй төслүүдийн үйл ажиллагаанаас хамаарч байгаа юм. Тодруулбал, АХБ-наас хэрэгжүүлж буй "Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл"-өөр эхний ээлжинд УБ-Дарханы хуучин үндсэн 2 эгнээ автозамыг шинэчлэн засварлаж байгаа юм. Харин ЕСБХБ-ны хөрөнгө оруулалттай "УБ-Дарханы чиглэлийн автозамын өргөтгөлийн төсөл"-өөр 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилж буй юм.